“Дөргөн хатан” эко баазад өнгөрсөн жил 4500 гаруй хүн амарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-29 14:34:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын нутаг, Дөргөн нуурын зүүн урд хөвөөнд "Дөргөн хатан" жуулчны эко бааз бий.  

Тус эко бааз нь Ховд аймгийн төвөөс 195 км зайд оршдог. Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах боломжтой бөгөөд нар салхины эрчим хүчээр хангагдсан.

Боловсон бие засах газар, халуун ус шүршүүртэй, орчин үеийн стандартад нийцсэн гал тогоо бүхий жуулчны эко бааз гэдгээрээ онцлогтой.

Энэхүү жуулчны эко баазыг TNC байгууллагын “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн хүрээнд байгуулсан. Улмаар Ховд аймгийн Чандмань сумын Байгалийн нөөцийн хамтын менежментийн хоёр нөхөрлөлийн 50 орчим өрхийн гишүүд уг эко баазыг хариуцдаг.

Тус эко бааз нь 2020 оны үйл ажиллагаагаа зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, амрагчдыг хүлээн авч байна.

Өнгөрсөн жилийн судалгаагаар тус эко баазад гадаадын 1000, дотоодын 3500 гаруй иргэн гээд нийт 4500 гаруй хүн амарчээ.  

Тус эко бааз нь 18 гэртэй. 80-120 мянган төгрөгийн үнэ тарифийн дагуу үйлчилгээ үзүүлдэг. Мэргэжлийн тогоочоос гадна менежер, үйлчилгээний 5 ажилтантай.  Мөн онцлоход амрагчдад завины үйлчилгээ үзүүлэх аж.  

“Дөргөн хатан” жуулчны эко баазын хамт олон шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна. Мөн эко баазын бүх гэр, гал тогоо, ариун цэврийн өрөө зэрэгт ариутгах шингэн байгаа болно.

Тус эко баазаар зочилж, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт амрахыг хүсвэл 83177677, 88969694, 95110307 утсаар холбоо барих, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

 

相关新闻