Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхийг УИХ-аас шаардана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгын тавьсан саналыг "Хэлэлцэх шаардлагагүй" хэмээн үзсэн. Иймд Г.Уянга гишүүн Төрийн ордны "Г" танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэцэд дүгнэлт гаргуулах тухай, Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох тухай гэсэн хоёр асуудлыг УИХ-ын даргад тавьсан. Гэтэл байнгын хорооны гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан хэрэг болж байна. Эл асуудлыг иргэнийхээ хувиар цэцэд хандах хэрэгтэй гэж байна. Өмнө нь 2-3 иргэн энэ асуудлаар цэцэд хандаж байсан ч мухардалд орсон бодит түүх бий. Цэцтэй холбоотой асуудлыг ингэж шийдэж байгаа ч Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудал нээлттэй үлдэж буй учир дахин хэлэлцүүлэхийг шаардана.
Өчигдөр оффшор дансны мэдээлэл задрахад Цогтын Нацагдорж гэдэг хүний нэр зарлагдсан. Энэ хүн голдуу гадныхныг өмгөөлдөг хүн юм байна. Энэ хүн Ж.Каплатай холбоотой хэргийг өмгөөлж байсан гэх мэдээлэл байгаа. Сая Ш.Түвдэндорж гишүүн Ж.Каплаг хөлсний ажилтан хэмээн өмгөөлж байна. Түүнийг их өрөвдөж гэнэ. Яагаад Монголын ард түмнээ өрөвдөж болдоггүй юм бэ. Мөн Авлигын хууль зөөлөн байна гэж хэлж байна. Хэрэв авлигын хууль зөөлөн байсан бол ийм олон оффшор данстай иргэдийг бид харахгүй байх байлаа. Оффшор дансны мэдээлэл дунд Давааням Чойндон гэдэг хүний нэр дурдагдсан. АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад С.Баярын охидод бэлэглэдэг хүн. Ингэж Монголын хөрөнгийг идэж болох уу.
Иймд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаасаа буусны дараа тодорхой хугацаагаар хилээр нэвтэрдэггүй байх тогтоолын төслийг энэ удаагийн УИХ батлаад буух ёстой. Гадаадад хөрөнгөө нуусан хүмүүс шударга төр, зөв хүмүүс сонгогдоход хилээр зугтаж гардаг. Үүнийгээ хэрэгжүүлнэ гэж бодож байна" гэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал