Хүсэлт гаргасан иргэдийн 96 хувь нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-24 09:40:09

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа Ховд аймагт эхэллээ.

Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 56074 иргэн сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс 20233 сонгогч  аймгийн төв буюу Жаргалант суманд бүртгэлтэй байна.  

Аймгийн хэмжээнд 1173 хүн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаар 96 хувь нь саналаа өгчээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 16 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо буюу Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн санал авах үйл ажиллагааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,сонгогчдын төлөөлөл оролцлоо. 

Тахилт багийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1268 иргэн бүртгэлтэй байна. Үүнээс одоогийн байдлаар 14 хүн санал өгч, 1.13 хувьтай үргэлжилж байна.

Энэ удаагийн сонгуулийг Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Сонгуулийн Ерөнхий хорооноос өгсөн чиглэлийн дагуу шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд баримтлан зохион байгуулж байгаагаараа онцлогтой.   

Энэ удаагийн УИХ-ын сонгууль зохион байгуулах ажилд нийт 1500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байна.

Сонгуулийн санал авах үйл ажиллагаа Улаанбаатар хотын цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд  харьяа санал авах байранд очиж, саналаа идэвхтэй өгөхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байв.  

 

相关新闻