Хөлбөмбөгчдийн энэ жилийн талбайн анхны тоглолт ирэх сарын 1-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн талбайн 2020 оны улирлын нээлтийн тоглолт ирэх сарын 1-ний өдрийн 18 цагт МХБХ-ны ногоон талбайд Супер цомын тоглолтоор эхлэхээр болсныг Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ноос мэдээллээ.
Энэ жилийн Супер цомын тоглолт 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга “Улаанбаатар Сити” болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга “Хаан Хүнс Эрчим” багуудын хооронд болох юм. МХБХ-ны ажилчин, албан хаагчдаас УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй зохион байгуулна.
Эрчим багийн хувьд "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлэхээр болжээ. Харин "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн зузаан түүхтэй багийн эсрэг хийх юм.
Энэ хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ
багийн ахлагч Н.Цэдэнбал анх удаагаа сэлгэн тоглох гэж байна. Тэрбээр "Улаанбаатар Сити"
багтай 2019 оны лигт түрүүлсэн бөгөөд багийн удирдлагуудтай үл ойлголцон энэ
жилээс буурь сэлгэн "Хаан Хүнс Эрчим" багтай нэгдсэн. Иймд Н.Цэдэнбалын
шинэ багтайгаа хийх дебют тоглолт хуучин багийнх нь эсрэг болно гэдгээрээ тун сонирхолтой байх юм.