Ялалтын баярын парадад оролцох 12 орны цэргүүд Москва хотод хүрэлцэн очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Москвад 12 орны цэргийн албан хаагчид ирсэн бөгөөд Ялалтын парадын бэлтгэлд хэдийнээ оролцож эхэлсэн гэж ОХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков "Красная звезда" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, БНХАУ, Молдав, Монгол, Серби, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг 12 орны цэргүүд ирсэн. Тэдний дийлэнх нь зургадугаар сарын 15-нд Алабиногийн талбайд болсон бэлтгэл сургуулилалтад оролцсон” гэж тэрбээр хэлжээ.
Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал зургадугаар сарын 24-нд Москвагийн цагаар 10 цагт эхэлнэ. Парадын анхны нэгдсэн бэлтгэлийг лхагва гарагт Улаан талбайд хийнэ. Үүний дараа цэргүүд дахин хоёр удаа бэлтгэл хийх бөгөөд зургадугаар сарын 18-нд шөнийн, зургадугаар сарын 20-нд ерөнхий бэлтгэл хийх аж.
Улс даяар болох цэргийн жагсаалд нийтдээ 64 мянга гаруй цэргийн албан хаагч, 2400 орчим нэгж гинжит, автомашин, нисэхийн техник хэрэгсэл, түүнчлэн 20 усан онгоц, шумбагч онгоц, хангамжийн хөлөг оролцоно.
Ялалтын баярын парадыг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн байлдааны машинууд нээх аж. Улаан талбайгаар хамгийн түрүүнд домогт Т-34 танкууд явах бөгөөд араас нь Зөвлөлтийн өөрөө явагч долоон их буу, “Тигр” хуягт машинууд, хамгаалалтын машин болох “Тайфун-К”, Т-72Б3, Т-80БВМ, Т-90М танкийн цуваа явж өнгөрнө.
Улаан талбайгаар мөн шинэ үеийн дөрвөн "Армата" танк явна. Үзэгчид бас явган цэргийн БМП-2 байлдааны машинууд, 57 мм-ийн байлдааны модуль бүхий "Курганец-25" явган цэргийн байлдааны машин, “Кинжал” хэт авиан пуужингийн цогцолбор бүхий “Армата” явган цэргийн байлдааны машин, "Деривация-ПВО" зенитийн их бууны цогцолбор, "Бук-М3" зенитийн пуужингийн цогцолбор, “С-300В4” зенитийн пуужингийн систем, "Торнадо-С" зэрэг галлагч тийрэлтэт систем, ТОС-1А, ТОС-2 хүнд их бууны систем, "БАЛ" эргийн пуужингийн цогцолбор, С-350 зенитийн пуужингийн систем, "Панцирь-СМ" зенитийн пуужин-их бууны цогцолбор, "Искандер-М" пуужингийн цогцолборыг харах боломжтой.
Алсын зайнаас мина устгагч "Листва" машин Ялалтын парадад анх удаа оролцоно. Механикжсан цуваанд нийтдээ 234 нэгж техник явах бөгөөд тэдгээрийн 24 нь парадад анх удаа оролцох аж.