Зармангийн говьд нарны өргүүртэй худаг гаргах ажлыг эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслөөс ховор амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Зармангийн говьд нарны өргүүртэй худаг гаргаж байна.
Төслийн бүс нутагт хийсэн хар сүүлтийн тоо толгой, нөөцийн үнэлгээгээр Эрдэнэ сумын Улаан шалын хоолойд 1000 га-д 0,46 толгой ногдох нягтшилтай 190 орчим толгой харин Зармангийн говийн нийт тархац нутагт 1000 га-д 0,97 толгой ногдох нягтшилтай 1350 орчим толгой хар сүүлтий байх боломжтой гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрсөөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Үүний дагуу “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслөөс Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутагт орших “Бургасны амны худаг” гэдэг хуучин гүн өрмийн худгийн цооногийг сэргээн нарны өргүүр байрлуулан ашиглахаар цооногийн хэмжилт, шавхалтыг хийж, ундаргыг тогтоолгосон байна. Энэ цооногийг амьтан ундаалах зориулалттай нарны өргүүртэй худаг болгон тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг төсөл санхүүжүүлэн зохион байгуулж байна. Нарны өргүүртэй худаг энэ оны долоодугаар сараас ашиглалтад орно хэмээн төслийн багийнхан мэдээлэв.
Монгол орны говь цөлийн бүсийн янз бүрийн байршил нутагт улирал, цаг уурын аясаар байршлаа сэлгэн нутагладаг хар сүүлт ховордож байгаа амьтан учраас агнахыг хуулиар хориглож улаан номд оруулсан байдаг. Энэ амьтан ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж, бэлчээрийн хомсдолд орсноос болж ховорджээ. Хар сүүлтийг хамгаалахын тулд амьдрах орчныг сэргээх түүний дотор усан хангамжийг сайжруулах нь чухал юм.