Бельгийн хунтайжийг торгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /Reuters/.
Испани өөрийгөө тусгаарлах дүрмийг зөрчсөн
Бельгийн хунтайж Иоахимд 10400 еврогийн /11800 ам.доллар/ торгууль
ногдуулжээ.
Бельгийн хааны
зээ дүү, өдгөө 28 настай Иоахимын Испанид өгсөн коронавирусний шинжилгээний хариу
эерэг гарсан юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 24-нд дадлага хийх зорилгоор
Бельгиэс Испанийн өмнөд нутгийн Андалусиа мужид очжээ.
“Бельгийн хунтайжийг 14 хоног өөрийгөө тусгаарлах дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, торгууль ногдуулсан” гэж Андалусиа мужийн засаг захиргааны төлөөлөгч “Reuters” агентлагт мэдээлжээ. Иоахим дүрмийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 15 хоногийн дотор торгуулиа төлөх ёстой юм байна.
Бельгийн хаан
ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн 10 дугаарт эрэмбэлэгдэж буй Иоахим тавдугаар
сарын 26-нд Андалусиа мужийн Кордоба хотод үдэшлэгт оролцсоны дараа халдвар
илэрсэн бөгөөд тэрбээр Испанид тусгаарлагдаж байгаа ажээ.
Кордобад
болсон үдэшлэгт 27 хүн оролцсон гэж Испанийн “El Pais” сонинд мэдээлсэн бөгөөд хууль сахиулагчид хэчнээн хүн оролцсоныг тогтоохоор мөрдөн
шалгах ажиллагаа явуулж байна. Испанид 15-аас дээш хүн нэг дор цугларахыг
хориглож байгаа юм.
Харин Бельгийн хааны
ордны эх сурвалжийн мэдээлснээр, хунтайж хоёр өөр арга хэмжээнд оролцсон бөгөөд
тэдгээрт 12, 15 хүн тус тус оролцжээ.