Сурталчилгааны самбарыг эвдвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй 14 хүний сурталчилгааны ажил хэвийн үргэлжилж байна.
Харин иргэд, сонгогчдийн зүгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан сурталчилгааны самбарыг урах цоолох, баллах асуудал үүсгэж байгаа ба Цагдаагийн газарт хоёр удаагийн гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Уг зөрчлийг үйлдсэн этгээд тухайн үедээ өөрийгөө хянах чадваргүй согтуу байсан байна.
Сонгуульд нэр дэвшигчид хуулиар хамгаалуулах бүрэн эрхтэй учир энэ төрлийн хэрэг, зөрчил үүсгэсэн этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм.“Сонгуулийн сурталчилгаа нь хууль тогтоомжийн хүрээнд болж байгаа ажил учраас хүндэтгэлтэй хандаж, сурталчилгааны материалыг урж тасдахгүй байхыг анхааруулж байна” хэмээн Цагдаагийн газрын МБТ-ийн дарга Ц.Мөнхбат мэдэгдлээ.
Сурталчилгааны материалыг хяналтын камер бүхий газруудад байрлуулах шаардлагатай байгаа ба гадны нөлөөлөлд өртсөн тохиолдолд хэрэгтнүүдийг илрүүлэхэд хялбар байх болно гэдгийг хэлж байв.