“Цэвэр орчин-Эрүүл Алтай 2” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-08 20:51:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд “Цэвэр орчин-Эрүүл Алтай 2” аян өрнөж байна.


Энэхүү ажлыг “Эрүүл ахуйн аян-2020” үндэсний аяны хүрээнд тогтвортой байдлыг хангаж, иргэд, байгууллагуудын оролцоотойгоор эрүүл, аюулгүй, ногоон орчин бүрдүүлэн, эрүүл зөв амьдрах дадалд сургахыг зорьж байгаа бөгөөд хог хаягдлыг багасгах, стандартын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх замаар ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулж, орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. 

Аян аймгийн 18 суманд өрнөж байгаа ба энэ ажилд өрх бүрийг оролцуулж буйгаараа онцлогтой юм. Одоогоор аяны хүрээнд сум бүрт орчны бохирдлыг бууруулсан жишиг баг бий болгох, баг бүрд 3-аас доошгүй жишиг гудамжтай болгох, стандартын нүхэн жорлон, бохирын цооног, хогийн савтай айл өрхийн тоог өмнөх оноос 30 хувиар нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан ундны усны савтай айл өрхийн тоог 30 хувиар нэмэгдүүлэх, багийн айл өрхийн нүхэн жорлон, бохир усны цооногийн 90-ээс доошгүй хувьд халдваргүйтгэл хийлгэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна хэмээн аймгийн ЭМГ-аас танилцууллаа.


相关新闻