Сомалийн эргээс олдсон гэх зүйл Малайзын онгоцны хар хайрцаг биш
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИДНЕЙ. /TASS/ Сомалийн эргээс олдсон “хар хайрцаг”-тай төстэй зүйл нь Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисч яваад Энэтхэгийн далайн районд хоёр жилийн өмнө алга болсон Малайзын “Боинг” онгоцных биш гэж Австралийн шинжээчид дүгнэж байна.
Уг зүйлийг олсон гэх хүн зургийг нь нийгмийн сүлжээнд байрлуулсныг Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчооны ажилтнууд анхааралтай судалжээ.
Тэдний дүгнэлтээр бол, олдсон гэх тэр зүйл нь 1960-70-аад оны үед нисэх онгоцонд суурилуулж байсан онгоцны бүхээгийн дуу бичигчтэй төстэй байсан бол харин МН370 нислэгийн дугаартай Малайзын нисэх онгоцонд бараандуу улбар шар өнгөтэй, илүү орчин үеийн боловсронгуй аппарат тавьсан байх ёстой гэнэ.
Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчоо 4 дүгээр сарын сүүлчээр мэдэгдэхдээ, Мозамбикийн эргээс олдсон хэлтэрхийнүүд нь Малайзын онгоцны үлдэгдэл байж магадгүй гэсэн дүгнэлт хийж байсан билээ. Одоогийн байдлаар, Австралийн эргээс баруун урд зүгт хийж буй Малайзын нисэх онгоцыг эрэн хайх ажиллагаанд "Фугро Дискавери" (Fugro Discovery), "Фугро Экватор" (Fugro Equator), "Дунхайжү-101" (Dong Hai Jiu 101) гэсэн гурван хөлөг онгоц оролцож байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр бол, 15 мянган км.кв талбайг самнах ажил үлдээд байгаа аж. Эрэл явуулах нийт талбайн хэмжээ нь 120 мянган кв. км юм.
Х.Сарнай