Улиастай сумын хогийн цэгийг цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Эко
Завхан” аян үр дүнтэй үргэлжилж Улиастай сум хоёр том хогийн цэгийг дарж
булжээ.
Аймгийн төв, Улиастай сумын Өлзийт багт
шинээр үүссэн байсан, иргэдийн нэрлэж заншсанаар "Нүүрстийн ам",
"Хорихын ам"-ны хог хаягдлыг дарж булж цэвэрлэжээ. Мөн зогоон
татаж хог хаяхгүй байх санамж бичиг бүхий самбарыг байршуулжээ. Олон жил эзэнгүй
хог хаягдал хуримтлагдаж, аймгийн төвийнхөө дэргэд шахам хогийн цэг үүсэж
зундаа өмхий үнэртэх, нохой шувуу цугларах, өвөлдөө малын сэг зэмээр
дүүрдэг байсан. Энэ хогийн цэгийг ландфилын аргаар дарж булах ажлыг Хот
тохижилт үйлчилгээний алба, Улиастай сумын ЗДТГ, “Цэн эко төгөл” ХХК-аас
хамтран богино хугацаанд хийгээд байна.
Тиймээс "Нүүрстийн ам"
"Хорихын ам"-д дахин хогоо хаяхгүй байхыг иргэддээ уриалж байна. Хог
хаясан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахыг анхаарна уу хэмээн
Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд, эко Завхан аяны хүрээнд тус аймгийн 24 сум эзэнгүй хог хаягдалтай тэмцэх, сум бүр хогийн цэгээ дарж булах
техник хэрэгсэлтэй болох. Иргэдийг тогтсон өдрүүдэд заавал хогоо ачуулдаг
болгох, хогоо ангилан ялгаж хаях дадлыг уриалж ажил хэрэг болгоод байгаа билээ.
Тухайлбал энэ жил аймгийн хэмжээнд нийт гурван удаагийн нийтийн их
цэвэрлэгээний өдрийг зарлаж 3400 гаруй иргэн хог цэвэрлэх, ачиж зайлуулах ажилд
санаачилгатай оролцжээ.
Үерээс хамгаалах даланг иргэдийн
хүсэлтээр барьжээ
Улиастай сумын Жаргалант багийн
тээвэрчдийн хэсгийн шар усны үерээс хамгаалах даланг засварлаж сайжруулжээ.
Жаргалант багийн тээвэрчдийн
хэсэг нь Чигэстэйн голын эрэгтэй хаяа залган байршдаг. Жил бүр хур тунадас
ихтэй үед гол эргээ хальж, уулын үер бууж айл өрхүүд үерт автах эрсдэл байнга
тохиолддог ажээ. Тиймээс тус газар үерийн шороон даланг иргэдийн хүсэлтээр хийгээд
байна. Шар усны
үерээс хамгаалах 300 метр даланг "Цэн эко төгөл” ХХК, Хот тохижилт үйлчилгээний алба хамтран
засварлаж сайжрууллаа. Энэхүү шороон даланг засварлаж, сайжруулснаар шар усны
үер, голын усны үерээс урьдчилан сэргийлж хамгаалах чухал ажил боллоо. Хур
тунадас ихтэй жил 30-40 айл өрх усанд автаж, автомашины зам эвдрэх, гүн гуу
жалга гарах, бага насны хүүхдүүд осолдох гээд эрсдэл өндөр байдаг байсан. Харин
хур тунадасны улирал эхэлж буйтай холбоотой далангийн ажлыг шуурхай зохион
байгуулж ажилласан сайшаалтай ажил боллоо хэмээн иргэд ам сайтай байна.