Улаан талбайд Ялалтын парад боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-05-09 17:10:58

МОСКВА. /TASS/.Аугаа Их Эх орны дайны Ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн парад уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд 10 цагт /Улаанбаатарын цагаар 16 цагт/ эхэллээ. Кремлийн хонх цохисны дараа хүндэт харуулын цэргүүд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг Улаан талбайд залж авчирлаа.  

Парадыг командлагч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Олег Салюков ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-д ёслон цэргүүд баярын сүрт жагсаалд жигдрэн жагсч бэлэн болсныг илтгэв.  С.Шойгу, О.Салюков нар  ЗИЛ маркийн хоёр лимузин автомашинаар парадад оролцохоор хайрцаглан жагссан цэргийн эгнээг тойрон явж мэндчиллээ. Мэндчилгээ дууссаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хуран цугласан олонд хандан ёслолын ажиллагааг нээж үг хэлэв.  

Үүний дараа, парадын салхийг хагалж, Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид жагсан өнгөрөв.

Тэдний араас Суворовын, Нахимовын цэргийн сургуулийн сурагчид уламжлал ёсоор жагслаа. Энэ жилийн парадын онцлог бол түүнд анх удаагаа Москвагийн Цэргийн их сургууль, Вольск хот дахь А.В.Хрулевын нэрэмжит материал-техникийн хангамжийн Цэргийн академийн салбарын эмэгтэй сонсогчид оролцсон явдал юм.  Ялалтын парадад нийтдээ 10 000 орчим цэргийн албан хаагч оролцлоо. 

Түүнчлэн хуурай замын цэргийн 135 нэгж техник оролцсон нь өнгөрсөн онд болсон түүхт 70 жилийн ойн парадтай харьцуулахад харьцангуй цөөн байсан боловч 2014 оны парадад оролцсон зэвсэг техникийн тоотой адил байгаа юм.

Энэ жилийн хувьд өнгөрсөн оны парадын үеэр олон нийтэд үзүүлсэн орчин үеийн зэвсэг техник үүд болох “Бумеранг”, “Курганец” маркийн хуягт машинууд, "Коалиция-СВ" өөрөө явагч их буу, “Армата” танкууд Улаан талбай дээгүүр явж өнгөрлөө.

Түүний зэрэгцээ, пуужингийн довтолгооноос хамгаалах  С-400 "Триумф"систем, "Тор-М2У", "Бук-М2", "Панцирь" цогцолборууд болон оператив-тактикийн "Искандер-М" цогцолбор, тив алгасах пуужингийн “Ярс” цогцолборыг цугларсан олонд үзүүлэв.

Эдгээр цогцолборууд явж өнгөрсний дараа Ялалтын ойн баярт зориулсан сүрт жагсаалын салшгүй хэсэг болох агаарын цэргийн хүчний парад эхэллээ.

Агаарын парадын салхийг хагалж дэлхий дээр хамгийн томд тооцогддог Ми-26 загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг "Терминатор” хэмээх Ми-8АМТШ маркийн дөрвөн нисдэг тэрэг дагалдан Улаан талбай дээгүүр нисч өнгөрлөө. Түүний араас Ми-28Н, Ка-52, Ми-35 нисдэг тэргүүд бүлэг бүлгээрээ цувран нислээ.

Нисэх хүчний парадын үеэр ОХУ-ын Агаар, сансрын цэргийн хүчний зэвсэглэлд байгаа Су-24 болон Су-34 загварын бөмбөгдөгч онгоцууд, Су-25 дайрагч онгоцууд, МиГ-29, Су-27, Су-35 маркийн сөнөөгч онгоцууд, МиГ-31 амдан сөнөөгчүүд, цэргийн тээврийн “Руслан” хэмээх АН-124-100, шатахуун цэнэглэгч Ил-78 онгоцууд болон Ту-22М3, Ту-95МС, Ту-160 загварын алсын бөмбөгдөгч онгоцууд Улаан талбай дээгүүр нисч өнгөрлөө.

10 минут үргэлжилсэн тус парадад оролцсон 71 нисэх онгоц, нисдэг тэрэг 150-400 метрийн өндөрт, хоорондоо 20 секундын зайтайгаар нисэн өнгөрч байв.

Парадын үеэр өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн Ил-76МД-90А загварын хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлсэн нь өвөрмөц содон үйл явдал юм. 

Нисэх хүчний парадын төгсгөлд "Су-25" дайрагч онгоцууд ОХУ-ын төрийн далбааны гурван өнгийг тэнгэрт утаагаар үзүүллээ.

Х.Сарнай  

 

 

 

 




 

相关新闻