Цахим зургийн уралдаанд шалгарсан 20 сурагчид шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-02 19:26:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс цахим хуудсаараа зохион байгуулсан “Баярлалаа цагаан нөмрөгт AVENGERS” уралдаанд шалгарсан 20 сурагч өнөөдөр шагналаа гардлаа. 


Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд өнгөрсөн сарын 1-30-нд зарласан тус уралдаанд нийслэл, орон нутгийн нийт 330 сурагч оролцжээ.


Уг уралдааны зорилгын талаар Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгээс тодрууллаа.


-Уралдааныг ямар зорилгоор зохион байгуулсан бэ?


-Дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 цар тахлын хүрээнд цаг наргүй ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудыг алдаршуулах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдний хүсэл мөрөөдөл, оюуны бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгууллаа. 

Нийслэлийн болон 11 аймгийн  ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг сарын хугацаанд маш идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн.


-Ямар шалгуур, шаардлага тавьж шилдэг бүтээлүүдийг тодруулсан бэ?


-Мэргэжлийн уран бүтээлч, багш нар шүүсэн. Тухайн зургийн зохиомж, өнгө, ур чадварыг голчлон харсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэлгээ, өнгөний зохицол зэргийг хэрхэн уран чадвартай гүйцэтгэсэн байдлаар нь дүгнэсэн. Цаашдаа онлайн хэлбэрээр, нийт хүүхэд багачуудыг хамарсан үйл ажиллагааг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна.


-Зурсан зургаар нь хүүхдийг таньж мэддэг сэтгэл зүйн арга байдаг. Хот, хөдөөгийн хүүхдүүдийн сэтгэлгээнд ялгаа ажиглагдав уу?


-Онлайнаар болохоор хөдөө орон нутгийн хүүхдүүд сайн оролцлоо. Баярлалаа бидний  Avengers гэхээр хүүхэд болгоны үзэх дуртай киноны баатар, хүүхэлдэйнүүд бодогддог. Үүнийг хүүхдүүд монгол баатар, монгол AVENGERS болгон зурсан. Нээх ялгараад байх зүйл байхгүй ч, хөдөөгийн хүүхдүүд тал хээр, мал аж ахуй болон монгол гэрээ түлхүү зурсан байв. Харин хотын хүүхдүүд олон талаас нь олон өнгөөр илэрхийлэхийг ихэд чухалчилсан байлаа.


-Хүүхдийн байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд, хүүхдийг хэрхэн хүмүүжүүлбэл нийгэмд хөлөө олсон зөв хүн болж төлөвшинө гэж үздэг вэ?


-Ямар ч нөхцөлд хүүхдийг бүтээлч болгож хөгжүүлэх нь бүх цаг үед шалгарсан арга байсаар ирсэн. Аливаа зүйлийг бүтээж, туурвиж байгаа хүүхэд үргэлж тэмүүлэлтэй, хариуцлагатай, зорилготой, гэгээлэг болдог. Монголын хүүхдийн урлан бүтээн төв хүүхдийг амьдрах арга ухаанд сургах, мэргэжлийн чиг баримжаатай болгохыг зорьдог. Амьдрах арга ухаанд сургана гэдэг нь хүүхдийг хөдөлмөрт сургах үйл явц юм. Хүүхдийг багад нь хөдөлмөрт сургаснаар ирээдүйд Монгол Улсдаа баялгийг бүтээгчдийг бэлтгэх үндэс суурийг тавьж өгнө. Аливаа улсын хөгжил иргэд нь хэр бүтээлч хөдөлмөрч байгаагаас хамаардаг.


-Хөдөө орон нутагт “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн салбар нээх төлөвлөгөө байдаг уу?


-Манай байгууллага нийслэлд харьяалагддаг тул Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Яамны харьяалалтай байсан бол хөдөө орон нутаг руу гарах эрх нээлттэй байх. Гэхдээ манайх 2 удаа хүсэлт тавьсан. Дархан, Эрдэнэт зэрэг хот руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах, салбар байгуулах хүсэлт өгчихөөд байгаа. Мөн эмзэг давхаргын халамж анхаарал шаардлагатай, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүд рүү чиглэсэн “Тухайн газар нутагт нь хүүхдийг хөгжүүлье” гэсэн уриан дор  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүл, залуучуудын газартай хамтран “БИ НАР” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийг бүтэн жил хэрэгжүүлэх бөгөөд үр өгөөжтэй байвал цаашдаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа.

                                                                                                                                                                                            Б.Мандуул

相关新闻