Говь-Алтай аймгийн зам тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн зам тээврийн салбарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд томоохон хөрөнгө оруулалтууд хийж байна.
Тодруулбал, Алтайчуудад хамгийн их хүлээлт үүсгээд байсан Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай зам дөрвөн жилийн өмнө байхгүй байсан бол одоо 50 гаруй км зам үлдээд байгаа юм. ЗТХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар тавдугаар сарын 26-нд Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус чиглэлийн замын ажлын явцтай танилцжээ.
Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Макс рөүд” ХХК, зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж, 2019 онд эхний 30 километр хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан бол энэ сарын 15-ны байдлаар нийт ажлын 60 хувийг хийж гүйцэтгээд байгаа ажээ.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдээд зогсохгүй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, алслагдсан аймгуудад үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэх, ингэснээр хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн саармагжих сайн талтай юм.
Мөн энэ онд Цээл суманд байрлах "Алтайн хүдэр" компанийн "Таян нуурын уурхай"-г Бургастайн боомттой хатуу хучилттай замаар холбох ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.