Баянтээгийн нүүрсний уурхай өнгөрсөн онд нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Баянтээгийн нүүрсний уурхай 2019 онд 600 мян.м3 хөрс хуулж, 210 мян.тн нүүрс борлуулан 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг анх удаa хуваарилж, улсын хэмжээнд уул уурхайн салбарын шилдгийн шилдэг байгууллагаар шалгарсан.
Мөн 2.8 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн ба 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Эдгээр амжилтууд нь тус уурхайн 57 жилийн түүхэнд анх удаа тохиож буй томоохон ажлууд аж.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Нарийнтээл суманд 80 сая төгрөгөөр халуун усны газар байгуулж, 59.1 сая төгрөгөөр дархан аварга Д.Цэрэнтогтохын хөшөөг босгож, багийн төвд 1600 м.кв талбайг хашаажуулан зүлэгжүүлээд байна.