Орон сууц барина хэмээн зургаан жил болсон газрыг чөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орон сууцны барилга барихаар ухсан нүхийг битүүлж хашааг нь буулгалаа. Аймгийн Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10 дугаар байрны урд талд хашаагаар хүрээлүүлсэн газрыг чөлөөлж амралт чөлөөт цагийн талбай байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох дарга нарт үүрэг өгсний дагуу уг газрыг битүүлж эхэлжээ.
Тус газрыг 2014 онд “Болор зэлмэн” ХХК орон сууц барихаар
15 жилийн хугацаатай анх авчээ. Гэвч
2016 онд “Эрд констракшн” ХХК-д шилжүүлэхдээ газрын зориулалтыг нь өөрчилж
үйлчилгээний төв болгохоор болж “Сэхүүн чоно” ХХК–иар барилгын ажлыг нь
гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ийнхүү “Сэхүүн чоно” ХХК 2019 оны 10
дугаар сард барилгын ажлыг эхлүүлэх явцдаа зургаа, долоо, “Эко хороолол”-ын айл
өрхийг усаар хангадаг Ф400 голчтой цэвэр усны шугамыг гэмтээж хэдэн өдөр усгүй
болгож байсан ажээ.
Тухайн үед орон нутгаас яаралтай арга хэмжээ авч дээрх
хорооллуудын айлуудыг зөөврийн усаар хангаж байсан. Үүнээс болж 6-10 дугаар
байрны оршин суугчид барилга барихыг нь эрс эсэргүүцэж орон нутгийн удирдлагуудад
удаа дараа гомдол гаргасан юм. Иймд 2014 оноос хойш 6-10 дугаар байрны оршин
суугчдын зорчих хөдөлгөөнд саад учруулж улмаар чөлөөт цагаа өнгөрүүлэх зай
талбайгүй болгосон тул хашааг нь албадан буулгаж барилгын нүхийг нь битүүлж
эхэллээ.
