Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ өнөө орой 22 цагийн үед чуулганы хуралдааныг дахин хуралдуулж Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Цэцийн дүгнэлттэй холбогдуулж зөвхөн жагсаалтын асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл суурь өөрчлөлтийн асуудал орж ирсэн байна. Суурь өөрчлөлт хийх бол хуулийн төсөл өргөн барьдаг. Асуудал АН, МАН-ын тохироогоор явж байна гэж ойлгох уу. Хэн гэдэг гишүүн жижиг 76 тойргоор сонгууль явуулья гэсэн асуудлыг гаргаж тавьсан бэ" гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, "Цэцийн 05 дугаар дүгнэлт нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Иймээс холимог тогтолцоог хэрэглэхгүй, олонхийн тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болсон гэдгийг гишүүд сайн ойлгож байгаа гэж бодож байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Үндсэн хуульд нийцүүлж сонгуулиа явуулахаар болсон нь зарчмын хувьд зөв. Гэхдээ хамгийн боломжтой хувилбар нь 76 гишүүнээ эрэмбэлэх явдал гэж үзэж байна. Жижиг 76 бол хөрөнгөтэй мөнгөтэй нь сонгогддог хувилбар. Тиймээс 76-гаа эрэмбэлэх асуудлыг ярьсан уу. Ер нь том тойргоор явуулах санал гаргасан хүн байна уу" гэсэн асуудлыг тодруулахад байнгын хорооны дарга А.Бакей, "Сонгуулийн түүхэнд дэх 6 сонгуулийн 5-ыг можаратороор, нэгийг нь холимогоор явуулсан. Сонгуулийн эдгээр тогтолцооны аль аль нь давуу болоод сул талтай. Мөнгө төгрөгтэй нь сонгуульд ялалт байгуулах вий гэж санаа зовж байх шиг байна. Мөнгө төгрөг тараавал хуулиараа хариуцлага тооцдог болсон. Том тойргийн асуудлаар гишүүд саналаа хэлж байсан. Одоогийн тогтолцоог гишүүд дэмжсэн" гэсэн юм.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, "Жагсаалтын 28-тай холбоотой асуудал хөндөгдөнө гэж байсан ч сонгуулийн хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь оруулаад ирэв үү гэсэн асуудлыг асуумаар байна. Энэ асуудал хуулийн дагуу явж чадаж байна уу. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Хөтөлбөрт сонгууль явуулахаас 6 сарын дотор сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахгүй гэсэн асуудлыг тусгасан. Тэгэхээр хөтөлбөр хүчингүй болох ёстой юу. Парламентад суудалтай намуудын төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэгш орсон уу. Эмэгтэйчүүд нэр дэвших бололцоо бий юу" гэсэн асуултыг тавьсан. А.Бакей үүнд ,"Ажлын хэсэг цэцийн 05 дугаар дүгнэлтийн хүрээнд ажилласан. Ээлжит сонгууль болохоос 6 сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан байдаг. Гэхдээ цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан тул сонгуулийн хуулинд өөрчлөлт орж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын төлөөлөл тэгш орсон. Ардчиллын үнэт зүйлээс ухарч байгаа юм биш үү гэж асууж байна. Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгаж байгаа тул ардчиллын үнэт зүйлээс ухарсан гэж бодохгүй байна" хэмээн хариулсан юм.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Эмэгтэй гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан уу. Би хуралдаанд сууж буй гишүүдийн ширээн дээр 6 намын эмэгтэйчүүдийн төлөөллийн бичгийг тавьсан байгаа. Эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг унагахаас өмнө асуудлыг тогтож харна гэж бодож байна" гэхэд байнгын хорооны дарга А.Бакей, "Ажлын хэсэг дээр ийм санал гарсан тал бий. Эмэгтэйчүүд УИХ-д 70-80 хувьд нь нэр дэвших бололцоотой" гэсэн тайлбарыг өгөв.
УИХ-ын гишүүн Г.Уянга, "Ажлын хэсгийн санал байнгын хорооны санал болж орж ирсэн нь дэгийн алдаа болж байна. Буруу дэгээр явж буй эл асуудалд Ерөнхийлөгч хориг тавина байх. Хулгайн хуулийг шөнөөр ярьдаг. Цэц жагсаалт хууль зөрчжээ гэсэн. Гэтэл арай өөр асуудал энд яригдаж байна. Мөнгөжсөн хүмүүс л сонгуулийн энэ хэлбэрийг сонгож байгаа. УИХ уламжлал шинэчлэлийг хадгалсан байх ёстой. Гэтэл энэ замналыг устгалаа" гэсэн асуудлыг хөндөхөд дарга А.Бакей, "Дэг зөрчсөн асуудал гараагүй. Дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ажлын хэсэг ажилласан" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, "УИХ-ын гишүүд бид хууль дээдлэх учиртай. Үүний дотор Үндсэн хуультай асуудлыг нийцүүлэх ёстой. Үндсэн хуулинд монгол улсын иргэд монгол улсын иргэнийг сонгоно гэж заасан. Үүнээс намыг сонгоно гэсэн заалт байхгүй. Одоогийн өөрчлөлт зарчмын том өөрчлөлт болсон байна. Дагуулж тонгорно гэдэг шиг юм болжээ. Шүүмжлэлд өртөхгүйгээр хуулиа өөрчлөх боломж байсангүй юу" гэхэд байнгын хорооны дарга А.Бакей, "Холимог тогтолцоогоо хадгалаад Үндсэн хуульд нийцүүлж асуудлыг шийдэж болохгүй юу гэсэн асуудлыг хөндөж байна. Байнгын хорооны түвшинд гаргасан санал унасан. Өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндсөн ч яригдаагүй. Хэрэв ярьсан бол өнөөдөр ийм асуудал ярихгүй байх байлаа. Цаашид Үндсэн хуулинд сонгуулийн тогтолцооны асуудлыг тодорхой оруулж өгөх нь зүйтэй" хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Ардчиллын өнгөн дээр эмэгтэйчүүдээ алагчлахгүй байж болоогүй юм уу. Улстөр дэх эмэгтэйчүүдийн харьцаа тэгш байсан бол өнөөдөр улс орны нийгэм эдийн засаг ийм байдалд хүрэх байсан уу гэж иргэд ярьж байна. Эмэгтэй гишүүд сонгуульд оролцох тодорхой санал гаргасан. Үүнийг ярьсан уу" гэсэн асуулт тавихад дарга А.Бакей, "Цэц Сонгуулийн тухай хуулийг түдгэлзүүлээгүй байсан бол хувь тэнцүүлсэн хэсэг дээр эмэгтэйчүүдийн сонгогдох магдалал өндөр байсан. Цэц энэ хэсэгт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Эмэгтэй гишүүдийн саналыг ажлын хэсэг үзэж танилцсан. Тэгээд өөр өөрийн үнэмшлээр асуудалд хандсан гэж үзэж байна" гэв.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуусаны дараа санал хураалт явуулахад 72,4 хувь дэмжиж хуулиа баталлаа. Хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, "Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсныг УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай уялдуулан баталсан хуулийн шинэ зохицуулалтаар энэ сарын 23-ны өдрөөс эхлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын энэ оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул энэ талаарх шинэ зохицуулалтыг ирэх долоо хоногтоо багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай" гэлээ. Үүгээр буюу 11 цагт чуулганы хуралдаан өндөрлөв.
Б.Туул