"Гэрэл зургийн мастер" цолны анхны эзэд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/ анх удаа “Гэрэл зургийн мастер” цол тэмдэг, цом буй болгож энэхүү гэрэл зурагчдын дээд шагналыг 4 гэрэл зурагчинд хүртээлээ.
Гэрэл зургийг хобби сонирхлоо болгосон хүмүүс олшрохын хэрээр гэрэл зургийн тухай ойлголт, фото зургийн үнэлэмж, бүтээгчдийн тухай ойлголт шинэ түвшинд гарч, гэрэл зурагчдын ялгамж ангиллыг тодорхой болгох шаардлага бий болж байна.
Гэрэл зургийн аппарат барьсан бүхнийг гэрэл зурагчин, эсвэл урлагийн энэ төрлөөр бүтээл туурвиж, ажил мэргэжлээ болгодог, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлэгчдийг хэлэх үү гэдэгт ч анхаарал хандуулах цаг болжээ.
МГЗНХ нийгэмд энэ талын нэгдсэн, тодорхой ойлголтыг бий болгох, холбооныхоо гишүүдийн нэр хүндийг өсгөх, амжилт бүтээлээр нь урамшуулах, мэргэжил нэгтнүүдэд нь үлгэр жишээ болохуйц арга туршлагыг дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм.
Энэ онд Монгол Улсад гэрэл зургийн албыг үүсгэн байгуулсны 85 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд МГЗНХ-ноос гэрэл зурагчиддаа мэргэжлийн шалгуур тогтоох, гадаад дотоодын сургалт, фото аялал зохион байгуулах зэргээр оны турш хийх ажлаа төлөвлөөд байгаа юм.
“Гэрэл зургийн мастер” цол хүртсэн хүмүүсийг гэрэл зургийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмэр, мэддэг чадвараа бусадтай хуваалцаж шавь төрүүлсэн байдал, олон улсын чанартай уралдаануудад амжилттай оролцсон, фото альбом, ном сурах бичиг хэвлүүлсэн, тухай жилдээ гэрэл зургийн төрлөөр онцгой гавьяа байгуулсан зэрэг есөн шалгуураар тодруулсан байна.
Цаашид гэрэл зурагчдын дээд шагнал “Гэрэл зургийн мастер” цолыг холбооноос баталсан журмын дагуу хоёр жилд нэг удаа олгож байх юм.
Анхны мастеруудаар пресс фото буюу гэрэл зургийн сурвалжлага, нийтлэлийн томоохон төлөөлөл, гэрэл зурагчин В.Баттулга, спортын гэрэл зурагт өөрийн нэр мөртэй, өвөл зуны нийт дөрөв дэх олимпоо сурвалжилсан, 2020 оны дэлхийн спортын гэрэл зурагчдын уралдааны гуравдугаар байрт шалгарсан гэрэл зурагчин Ч.Ганбат, Монголын байгалийн гэрэл зургийн “эцэг” гэж тодотгодог, нүүдэлчин ахуй, байгалийн гэрэл зургийн 10 гаруй бие даасан альбом гаргаж, тэдгээр нь 72 мянга гаруй хувь хэвлэгдэж, гадныханд эх орноо сурталчилсан гэрэл зурагчин Д.Октябрь, энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа, гэрэл зургийг архивлах, тайлбар зүүлттэйгээр түүх бүтээхийг үлгэрийн залууст үзүүлж яваа ахмад гэрэл зурагчин Б.Батцэрэн нар тус тус тодорлоо.