Сургуулиараа "Хос бичигтэн" болох зорилт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон 2020 оны 1 дүгээр улиралд “Хүмүүн бичиг” сониноо түүчээлэн захиалж, аймагтаа захиалгын тоогоор тэргүүлээд байна.
Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2020 оныг “Соёлын дархлааг дэмжих жил” болгон зарласан нь монгол бичгийг хөгжүүлэх, энэ чиглэлээр олон төрлийн ажил зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс тус сургуулийнхан хамт олноороо “Хос бичигтэн” болох зорилт тавьж, босоо монгол бичгээрээ хэвлэгддэг цорын ганц сонин болох МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг”-ийг захиалаад байгаа аж. Мөн “Хичээнгүй бичиг”, “Монгол бичиг”, “Ёс заншил” зэрэг булан ажиллуулж, эх хэлээрээ бахархах, сурталчлах ажлыг хийж, захиалсан сониноо уншихын зэрэгцээ бусдад бэлэглэн эх бичгээ зөв уншиж, бичиж сурахад нь тусалж байна. Монгол хүн бүр олон зууны түүхтэй эх бичгээ идэвхийлэн сурч, “Хүмүүн бичиг” сониноо захиалан уншихыг сургуулийн хамт олноос уриалсан юм.
Тус сургууль 1935 онд анх үүсэн байгуулагдсан ба 80 гаруй жилийн хугацаанд түүхэн намтраа туурвин олон зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээж байгаа ба өдгөө 44 багш, ажилчин, 370 сурагчтайгаар боловсрол, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Багш, сурагчдын хувьд энэ жил “Эх хэл эрдмийн түлхүүр”, “Хүүхдийн урлан” зэрэг төрөлжсөн олимпиад, уралдаан, тэмцээнд амжилттай оролцжээ.