Хонконгийн төрийн албан хаагчид ажлын байрандаа ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Гэрээсээ ажлаа хийж байгаа Хонконгийн төрийн албан хаагчид коронавирусний тархалт намжсантай холбоотойгоор ирэх долоо хоногоос албан газрууддаа ажиллаж эхэлнэ гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгджээ.
“Засгийн газар ирэх даваа гаргаас эхлэн төрийн үйлчилгээг хэвийн журмаар үргэлжлүүлэхээр шийдлээ” гэж Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр мөн музей, номын сан, спортын талбайнуудыг нээх бэлтгэл ажил хийгдэж байгааг мэдээлэв.
Харин тавдугаар сарын 7-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон баар цэнгээний газар, үсчин, гоо сайхан, зоогийн газруудтай холбоотой шийдвэрийг одоогоор гаргаагүй байгаа аж. Үүнээс гадна, эх газрын Хятадтай хилээ хэдийд нээх нь тодорхойгүй байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Хонконгт коронавирусний тархалт эрс намжжээ. Энд коронавирусний халдварын цөөн хэдэн тохиолдол АНУ, Европоос ирсэн иргэд болон оюутнуудаас илэрсэн бөгөөд сүүлийн хоёр хоногийн хугацаанд халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
Хонконгт вирус тархсанаас хойш нийт 1037 хүн халдвар авч, дөрвөн хүн нас барсан бол 772 хүн эдгэрчээ.