Толбо сумын иргэд хадлан бэлчээр ашиглах, эзэмших журамтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Толбо сум “Иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших журам”-тай боллоо.
“Мерси кор” олон улсын байгууллага
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад
тусламж үзүүлэх газар /USAID/OFDA/-тай хамтран
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг
ашиглах нь” төслийн гуравдугаар үе шатыг 2019 оноос хэрэгжүүлж байгаа.
Тус төсөл нь
гамшгийн эрсдэлийн бэлэн байдал болон бэлчээрийн менежментийг
сайжруулах замаар малчин өрхүүдийн эмзэг байдлыг бууруулах зорилготой бөгөөд
Баян-Өлгий аймгийн Толбо, Алтай сум хамрагдаж байна.
Төслийн хүрээнд Толбо сумын ИТХ-ын 2019
оны 48 дугаар тогтоолоор баталсан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын
иргэдээс хадлан бэлчээр ашиглах, эзэмших журам”-ыг саяхан Хууль зүйн
яаманд бүртгүүлжээ. Мөн монгол, казах хэлээр малчдад хүрэлцээтэй тоогоор
хэвлэж, сумын Засаг дарга Ш.Сабитад хүлээлгэж өгөв.
“Сум болгонд бэлчээрийн асуудлаар
нийтээр дагаж мөрдөх журам байдаг. Гэхдээ түүнийгээ Хууль зүйн
яаманд албан ёсоор бүртгүүлсэн сум байхгүй. Ямар нэгэн маргаан гарлаа гэхэд
бүртгэлд орсон журмыг эрх зүйн акт болгон баримталж маргаан таслах боломж
бүрдэж байна” хэмээн “Мерси кор” олон улсын байгууллагын аймаг хариуцсан
зохицуулагч Х.Жумагүл хэллээ.