Төв замын ажил энэ онд бүрэн дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-15 10:24:07

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын хойд төв замын ажил энэ оны 11 дүгээр сард бүрэн дуусна. Өнгөрсөн хавар энэхүү замын ажил эхэлж, 3 км авто замын суурь хучилтыг хийсэн юм. Харин өнөөдрийн байдлаар хашлагын ажил үргэлжилж байна. Үүний дараа гурван см-ийн зузаантай өнгөн асфальт болон зүүн тийшээ үргэлжлүүлж хийх хоёр км замын ажлыг ирэх зургадуаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сар гэхэд явган хүний зам, дугуйн зам, тэмдэг тэмдэглэгээ орц гарцыг хийж дуусган бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэж “Арц суварга” ХХК-ийн геодезийн инженер Б.Баттулга хэллээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн замын ажлын явцтай танилцжээ. Замын зураг төсөвт нийт хурд сааруулагч гурав, 44 ширхэг гарц хийхээр төлөвлөсөн байсан боловч одоогийн байдлаар арав гаруй гарцыг нэмэх, зарим аж ахуй нэгжийн газрын асуудал, уулзвар, эргэлтийг дахин тооцох шаардлагатай болсон талаар аймгийн удирдлагад танилцуулсан байна. Аймгийн Засаг дарга: Газар эзэмшигчдийн эрх ашгийг бодолцож зөвшилцөх, үндсэн замаа зураг төслийнхөө дагуу хийж, нэмэлт ажлуудад одоо байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулж жижиг өөрчлөлт хийж болно гэсэн чиглэлийг өгсөн гэв.

Энэхүү зам нь нийтдээ 5,5 км урт, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм.

相关新闻