Тусгаарлах байрны зардлаа төлөөгүй иргэдийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар тусгаарлах байранд байрласан хүмүүсийн ор, хоолны зардлыг барагдуулах ажлын хэсэг байгуулжээ. Уг асуудлаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол мэдээлэл хийлээ.
"Тусгаарлах байранд байрласан 344 иргэнээс 129 иргэн л холбогдох зардлаа бүрэн төлсөн. Нийтдээ 100-гаад сая төгрөг төлөх ёстой. Одоогийн байдлаар 30 орчим сая төгрөг орсон. Төлбөрийн барагдуулалт тааруухан байгаа. Ялангуяа, Эмпати сургуулийн дотуур байранд байрласан хүмүүс төлбөрөө төлөхгүй байна. Зарим нь хагас өгсөн. Тусгаарлах байрны зардлыг төлөх асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэдэд ойлгуулсан. Аймгийн Онцгой комиссын мэдэгдлийг хүн бүрт олгож гарын үсэг зуруулсан байгаа" хэмээн тэрээр хэлэв.
Иргэд төлбөрөө төлөөгүй тохиолдолд эхний ээлжинд
Зөрчлийн тухай хуулийг үндэслэн торгох арга хэмжээ авах аж. Хэрвээ үр дүн
гарахгүй бол шүүхэд өгч төлбөрийг бүрэн барагдуулна.
Тийм учраас ард иргэд хууль журмыг хүндэтгэж,
үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж зохих төлбөрөө хурдан төлөхийг
анхаарууллаа.