Мянган эмэгтэйг дархлаажуулалтад хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 31-40 насны мянган эмэгтэйг элэгний В вирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажил эхэллээ.
Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн
онд эхээс нярайд дамжих
халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Элэгний В вирусний халдваргүй нярай” төслийг ОНХС-гийн
есөн сая төгрөгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байсан юм. Үүний үр дүнд В вирустэй 100-гаад эхээс төрсөн нярайд халдвар дамжихаас
сэргийлж чаджээ. Энэхүү төслийн хоёр дахь шат “Эхчүүдээ хайрлая” хөтөлбөр
ийнхүү эхэлж байна. Хөтөлбөрийг
өрх, сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн явуулж, гурван удаагийн тунг үнэ төлбөргүй хийнэ гэв.
Ташрамд
дуулгахад, Дорнод аймагт
жилд дунджаар хоёр мянга гаруй эх амарждаг. Үүний 10 гаруй хувь нь В вирусний халдвартай байх магадлалтай гэсэн
судалгаа бий. Тэр хэрээр хүүхэд
эхээс халдвар авч төрж байна гэсэн үг юм. Төрөх үедээ В вирусний халдвар авбал 90 хувьд нь 10-20 жилийн
дараа буюу идэр залуу насанд нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар
үүсэх эрсдэлтэй аж.