Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-09 15:45:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга А.Түвшинжаргал энэ сарын нэгнээс ирэх сарын нэгэн хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”-ын аяныг зохион байгуулахтай холбоотой сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2003 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Манай аймаг 2013 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж хууль, тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлье” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дээрх ажлын хүрээнд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлж олон нийтийг нэг дор цуглуулахгүйгээр цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

相关新闻