Э.Умбудаллаей: Хүний дархлаа суларсан өвөл, хаврын цагт сүрьеэ өвчин ихэсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-24 17:47:42

Завхан /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр улс орнууд сүрьеэ өвчний тохиолдлын тоо баримт, мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэдэг байна. Тэгвэл Завхан аймагт сүрьеэ өвчний гаралт хэр зэрэг байдаг. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх тодруулгыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвар, сүрьеэгийн тасгийн Э.Умбудаллаей эмчээс авлаа.  

-Танд энэ өдрийн мэнд хүргэе? Завхан аймагт энэ өвчний гаралт хэр зэрэг байна вэ?

-Завхан аймагт жилд дунджаар 30-35 тохиолдол гардаг. Харин сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдлууд хоёроос гурван тохиолдлоор нэмэгдэж өссөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой Халдвар, сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүд байхгүй байна. Харин манайд оношлогдоод зайлшгүй эмчлэгдэх шаардлагатай 14 өвчтнийг амбулаториор буюу өдрийн эмчилгээний цэгээр дамжуулан эмчилж байна. Өвчтнүүд маань ирж эмээ уух, шаардлагатай тохиолдолд тариагаа тариулаад явж байгаа.

-Ер нь энэ өвчнөөр Монгол улсад жилд хэчнээн хүн өвддөг юм бол?

-Монгол Улсад сүрьеэгийн тандалтын тогтолцоо 1962 оноос өнөөг хүртэл явагдаж байгаа. Энэ өвчнөөр жилд 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Нийт халдварт өвчний 12 орчим хувийг сүрьеэ өвчин дангаар эзэлдэг гэсэн судалгаа бий.


-Сүрьеэ  өвчин ямар замаар халдварладаг юм бэ? Эмчилгээний үр дүн сайн байдаг уу?

-Сүрьеэ бол агаар дуслын замаар халддаг нийгмийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрдэг өвчин. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар хүнээс хүнд халддаг өвчин. Сүрьеэгээр аль ч насны, ямар ч мэргэжлийн хүн өвдөж болох бөгөөд нийгмийн ядуурал, хямрал, ажилгүйдэл, эсвэл хэт өндөр ачаалал зэрэг сөрөг үр дагаврыг дагалдан ихэсч байна. Сүрьеэгийн үндсэн эх уурхай нь уушгины сүрьеэтэй өвчтөн юм. Сүрьеэгийн халдвар авахгүй байхын тулд ариун цэврийн дэглэм сайн сахиж, дархлаагаа дэмжих нь чухал юм. Мөн сүрьеэ өвчтэй хүнтэй хамт, агааржилт муутай байранд амьдрах, биеийн дархлаа суларсан зэргээс анхдагч голомт идэвхжинэ. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ярих, ханиах, найтаах үед олон сая сүрьеэгийн савханцар агуулсан дуслууд агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг. Тодруулбал уушгины халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг. Тиймээс амны хаалт сайн зүүх, ханиаж найтаахдаа амаа дарах, цаасан салфетка хэрэглэх хэрэгтэй.

-Уушгины сүрьеэгийн үед ямар шинж илрэх вэ?

-Өвчний эхлэл ихэнх тохиолдолд аажим явагдана. Хэдэн долоо хоног үргэлжилнэ. Гурван долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, ядрах, жин буурах, хөлрөх, цустай цэр гарах, халуурах, жихүүдэс хүрэх, хоолонд дургүй болох, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илэрнэ. Дээрх шинж тэмдгүүд илэрч зовуурилж байвал та яаралтай эмчид хандаж онош тодруулах арга хэмжээ авах хэрэгтэйг зөвлөе. Хэрэв сүрьеэ болох нь тогтоогдвол сэтгэлээр унах хэрэггүй, энэ өвчин бүрэн эдгэрдэг. Харин эмчилгээгээ таслахгүй тууштай эмчлүүлэх шаардлагатай юм. Сүрьеэгийн эмчилгээ нь богино хугацаанд шууд хяналттай хийгдэх ёстой бөгөөд өвчтний уйгагүй, ухамсартай эм уултаас л шалтгаалж эдгэрдэг өвчин юм. Эмчийн зааврын дагуу эмчилгээний зарчим баримталснаар өвчтөн төгс эмчлэгддэг. Мөн гэр бүлийнхэндээ болон ойр орчимдоо халдвар тараахгүй. Хүндрэл нь буурах төдийгүй, эмийн дасал үүсгэхгүй зэрэг ач холбогдолтой. Тиймээс эмээ таслахгүй хугацаанд нь уух хэрэгтэй.

-Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлж чадах вэ?

-Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт юм. Сүрьеэгийн БЦЖ вакциныг анх төрсөн нярайд нэгдүгээр тунгаар, найман настайд нь хоёрдугаар тунгаар вакцинжуулна. Гэхдээ энэ вакцин нь тухайн хүүхдийг халдвар авч, сүрьеэгээр өвдөхөөс бүрэн сэргийлж чаддаггүй. Халдвар аваад, хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөхөөс 90-ээс дээш хувь хамгаалдаг гэсэн үг.

Мөн сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал юм. Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох явдал юм. Гуравдугаарт сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах. Үүнд чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржуулалт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэмээ зөв тохируулж амрах, архи, тамхи хэрэглэхгүй байх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Ер нь хүний дархлаа суларсан өвөл, хаврын цагт сүрьеэ өвчин ихэсдэг.

-Халдвар авснаас хойш хэр удаж шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эрсдэлт бүлгийн хүмүүс халдвар авснаас хойш хоёр хүртэлх жилийн дотор шинж тэмдэг илэрнэ. Энэ хугацаанд янз бүрийн хугацаатайгаар илэрдэг. Тогтсон хугацаа гэж байхгүй. Тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалаад өөр өөр байна. Халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилнө гэж ойлгож болохгүй. Шинж тэмдэг илэрч л байвал шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой. Эрсдэлт бүлэг гэдэгт бага насны хүүхэд, ахмад настнууд, удаан хугацаагаар эм ууж байгаа, хортой, хоргүй хавдартай хүмүүс орно. Шинж тэмдэггүй хэр нь сүрьеэгээр өвдсөн байх тохиолдлууд байдаг. Ингэснээр аль болох эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм гэдгийг л дахин дахин зөвлөе. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл оршин суугаа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандан зохих шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

-Эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдлууд их гарч байна гэлээ? Тайлбарлаж өгөхгүй юу?

-Сүрьеэ нь энгийн болон эмэнд дасалтай гэсэн хоёр төрөл байдаг. Эмэнд дасалтай сүрьеэ нь гол үйлчилгээ үзүүлдэг үндсэн эмэнд тэсвэртэй, нянгаар үүсгэгдсэн хэлбэр юм. Энэ тохиолдол гэхэд Монгол Улсад жилд 200 гаруй бүртгэгдэж, 80 орчим хувь нь эмчилгээнд хамрагддаг судалгаа байна. Бусад орны хувьд дархлаа султай, өндөр настай хүмүүс сүрьеэгээр илүү өвчилдөг бол манай орны хувьд ид хөдөлмөрийн насны буюу нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг 16-44 насныхан, оюутан залуучуудын дунд тархалт хамгийн их байгаа нь ажиглагддаг. Нөгөө талаас энэ нь манай хүн амын дунд сүрьеэгийн тархалт өндөр, үүгээр өвчлөх биологи, нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйл их байгааг харуулж байгаа юм. Сүрьеэгийн анхдагч тохиолдол гэдэг нь сүрьеэгийн уушгины халдвартай хүнээс халдвар авсан тохиолдлыг хэлнэ. Харин хоёрдогч тохиолдол гэдэг нь сүрьеэгээр өвдөж байгаад эмчилгээг дутуу орхисон буюу эмчилгээгээ тасалсан өвчтөн дахин өвчлөх тохиолдлыг хэлдэг. Энэ тохиолдолд өвчтний эдгэрэх хугацаа, эмчилгээний хугацаа урт байдаг. Тиймээс дээрх хоёр тохиолдолд сүрьеэ өвчин тууштай, эмчилгээгээ хийлгэвэл бүрэн эдгэрдэг өвчин гэдгийг дахин сануулж хэлмээр байна.


-Завхан аймагт эмэнд тэсвэртэй, мөн хүүхдийн сүрьеэгийн тохиолдол нэмэгдсэн гэлээ?

Учир шалтгаан нь юу юм бол?

-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүрьеэгийн өвчнийг оношлох оношилгоо сайжирсантай холбоотой юм. Мөн сүүлийн үед хүүхдүүд олноороо PC тоглоомын газар чөлөөт цагаа өнгөрөөдөг болжээ. Мөн гар утас, компьютер тоглоом тоглох, залуу ээж аавууд нялх хүүхдээ гар утсаараа саатуулдаг болсон гээд хүүхдийн дархлааг муутгадаг эрсдэлт зан үйлүүд бий болсонтой холбоотой юм. Түүнчлэн ерөнхий боловсролын хүүхдүүд биеийн тамирын хичээл дээр биеэ чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийх нь дутмаг харагддаг. Цэвэр агаарт гарах нь багассан. Байшингаас байшингийн хооронд цахилгаан соронзон тоглоом, эдлэлээр чөлөөт цагаа өнгөрөөдөг болсон гээд дархлаа нь сулрах эрсдэлт зүйлүүд байна. Энэ нь өвчлөлд өртөмхий болгох нь ажиглагддаг. Тиймээс эцэг эхчүүдэд зөвлөхөд бүх насны хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулж, тэднийг эрүүл, цэвэр агаарт гаргах, биеийг нь чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулах, дархлаа дэмжсэн хооллолтыг хэвшүүлэхийг уриалж байна.

-Иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хамгийн гол зүйл бол халдвар тарааж байгаа эх уурхайг илрүүлж эмчилгээнд хамруулах шаардлагатай. Халдвартай хүн эмчилгээнд хамрагдаад 14-21 хоноход тухайн өвчтөн халдвар ялгаруулахаа больдог. Эмчилгээг үргэлжлүүлэн бүрэн эмчлүүлэх ёстой. Үүнээс гадна ханиах, найтаахдаа эрүүл ахуйг мөрдөх хэрэгтэй. Олон нийтийн газар ханиаж, найтаах нь ариун цэврийн хувьд ч, эрүүл ахуйн хувьд ч анхаарах зүйл учир амаа таглаж, халдвар тараахаас сэргийлэх дадал суулгах хэрэгтэй. Ялангуяа сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварладаг тул гэр бүл болоод ойр орчинд байгаа хүмүүст халдвар тараах өндөр эрсдэлтэй. Гэхдээ халдвар авсан хүн бүр сүрьеэ өвчнөөр өвддөг гэж ойлгож болохгүй. Тухайн хүний дархлалын систем сайн бол өвдөхгүй байх бүрэн боломжтой. Дархлаа маш чухал учраас дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Сүрьеэ өвчин вирусээр биш, бактериар үүсгэгддэг.

Эмнэлгийн байгууллага нийт өвчлөгсдийн 50 хувийг нь эрт илрүүлж байна. 50 хувь нь оношлогдохгүй байна л даа. Хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч эрт илрүүлэгт хамрагдах нь чухал байгаа юм. Хамгийн түрүүнд өвчнөө бүрэн төгс эмчлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Цаг тухайд нь эмчилгээгээ хийлгэдэг байх нь чухал.

-Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх сургалт сурталчилгааг аймгийн нэгдсэн эмнэлгээс хэр зэрэг хийж байна вэ?

-Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө сургалтыг жилд хоёроос гурван удаа аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн коллеж, их дээд сургуулиудад хийдэг. Түүнчлэн амбулаториор үйлчлүүлэгсдэд сард нэг удаа зөвлөгөө мэдээлэл өгөх, сурталчилгааны зурагт хуудас хуудас тарааж байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахим хуудсаар дамжуулан өдөр бүр сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний шинж тэмдгийг хэрхэн таних, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдол зэргээр мэдээлэл өгч байгаа. 

-Танд баярлалаа.

相关新闻