Тусгаарлагдсан 72 хүн гэртээ харилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 21-нд болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Одоогийн байдлаар Дорноговь аймагт шинэ төрлийн короавирусний халдварын сэжигтэй тохиолдол дахин илрээгүй бөгөөд нөхцөл байдал тайван байна.
Тус аймагт коронавирусний халдвар илэрсэн үе буюу гуравдугаар сарын 07-ноос өнөөг хүртэл аймгийн хэмжээнд 107 хүн ажиглалтад тусгаарлагдаад байсан бөгөөд тэдгээрийн 72 нь өнөөдөр гэртээ харилаа.
Замын-Үүдэд ажиглалтад тусгаарласан долоон иргэний биеийн байдалд өөрчлөлт гараагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан учир гуравдугаар сарын 19-нд горимыг цуцалсан байна.
Харин франц иргэнтэй ойрын хавьтал гэж үзэх Улаанбадрах сумын Зөөвч Овоо кэмпт тусгаарласан 21 иргэний ажиглалтын горимыг дахин долоо хоног сунгахаар шийдвэрлэсэн бол өөр нэг кемп болох Дулаан-Уулын 37 иргэний ажиглалтын горимыг хэвийн болгов.
Өндөржүүлсэн бэлэн байдал ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх дөрөвдүгээр
сарын 30-ныг хүртэл сунгасантай холбогдуулж Дорноговь аймагт тогтоогоод байгаа
өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагаа тухайн хугацааг дуустал үргэлжилнэ.
Босоо тэнхлэгийн зам дагуу иргэдээс асуумж бөглүүлэхийг больж байгаа бөгөөд Айраг-Сайншанд, Замын-Үүдийн пост үргэлжлэн ажиллахаар боллоо.
Шинэ коронавирусний халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа энэ үед бид тайвширч болохгүй. Цаашид олныг хамарсан ажил зохион байгуулахгүй байх, хүүхдүүдийг шаардлагагүй тохиолдолд гадуур явуулахгүй, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, эцэг, эх, багш сурагчдад мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, сонор сэрэмжтэй байж хариуцсан ажилдаа хянамгай хандаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Мөн МСҮТ-ийн болон сургуулийн захирлуудад тодорхой мэдээлэл үүрэг чиглэл өгөх, хүүхдүүдэд чиглэсэн теле сургалтын үйл ажиллагааг хэвийн түвшинд явуулахыг аймгийн Онцгой комиссоос БСУГ-т даалгасан юм.
Цаашид иргэд амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөх, дэлгүүр хоршоо олон нийтийн газраар явахгүй байх, аяга тавгаа холихгүй байх, гэр орондоо халдваргүйтгэлийн бодисоо хэрэглэж, дархлаагаа дэмжиж байхыг албаныхан сануулав.
Тавин ортой эмнэлгийг ашиглалтад оруулахыг үүрэг
болгов
Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдсан 50 ортой
төрөх эмнэлгийн барилгыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл
мэнд, тусламж үйлчилгээний бэлэн байдал, бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд
яаралтай ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Эмнэлгийн барилгыг “Баярс констракшн” ХХК барьж дуусгасан юм. Эмнэлэг ашиглалтад орсноор эхчүүдийн амрах, эмчлүүлэх тасгууд хийгээд хагалгааны болон хагалгааны дараах сэрээх тасаг, эмгэг нярайн тасгууд тус тусдаа болж иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлж чадна.
Ханги хилийн боомт дээр ариутгал халдваргүйтгэлийг өндөр түвшинд зохион байгуулна
Хатанбулаг сум дахь Ханги боомтоор нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахтай холбогдуулж ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийг нэмэлтээр худалдан авахаар боллоо.
Тус хилийн боомтод уул уурхайн бүтээгдэхүүний экспортын нүүрс тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулж ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай дэглэм журмыг чанд мөрдөн ажиллахыг үүрэг болгов.
Аймгийн МХГ-ын даргаар ахлуулсан
Ажлын хэсэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд
зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар Хатанбулаг сумын Ханги боомтод
ажилласан юм.
Голомтын бүсэд хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа төрийн албан
хаагчдын /Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт/ хоол
хүнс, дархлааг дэмжих, витаминжуулах ажлыг шийдвэрлэн ажиллаж байгаа аж.
Эмч, багш, тогооч нарын илүү цагийн хөлсийг олгоно
Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэж ажилласан эмч, багш, тогооч нарын илүү цагийн хөлсийг олгоно.
Энэ асуудлыг улсын Онцгой комисс, Сангийн яамнаас шийдвэрлэхээр болсон байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй албан хаагчдын хоолыг бэлтгэх, хүргэх ажлыг Сайншанд сумын төвийн 12 цэцэрлэг хуваарийн дагуу гүйцэтгэж байна.
Харин аймгийн Нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Дорноговь дахь анагаах ухааны сургуулийн эмч багш нар, ерөнхий боловсролын дунд сургуулийн эмч нар аймгийн хэмжээнд ажиглалтын байранд байгаа иргэдийн биеийн байдлыг хянах болон бусад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх
чиглэлээр ажилласан аж.