Шалгарсан бүтээлийг 70 метр урт, хоёр метр өндөртэй хананд хуулбарлан зурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Street-art” зургийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд шалгарсан бүтээлийг 70 метр
урт, хоёр метр өндөртэй хананд хуулбарлан зурна. Тиймээс энэ чиглэлийн зураачдад
өөрийнхөө бүтээлийг ард олонд таниулан мөнхлөх боломж ийнхүү нээгдэж байгаа юм
Дээрх уралдааныг байгаль орчноо танин мэдэх, хамгаалах, зүй зохистой ашиглах, хариуцлагатай байх үзлийг ухуулан сурталчлах зорилгоор зарлаж байгаа гэв. Уралдаанд оролцохыг хүсэгчдийн бүтээл нь агуулгын хувьд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн бидний амьдралын буруу хэв маягаас үүдэн байгаль орчин, эх дэлхий хэрхэн хувьсаж байгааг харуулсан, Дорнод аймгийн ан амьтан, байгаль орчны онцлогийг тусгасан шаардлагатай байх аж.
Мөн гудамжны
урлагийн шинж чанартай, хол ойр зайнаас харахад харьцаа алдагдахгүй, бусдын
бүтээлийн элемент агуулсан болон хуулбарласан байж болохгүй, мэргэжлийн
программууд ашиглан зурсан өргөтгөлтэй ирүүлж болох зэрэг нарийн шаардлага
тавьжээ. Энэ сарын 25-ны 17.00 цаг хүртэл Дорнод аймгийн БОАЖГ-т уралдааны
бүтээлийг хүлээн авна гэв.