С.Цэдэнбалжир: Мал өлдөж, тамирдсанаас шалтгаалаад хээл хаяж хорогдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга С.Цэдэнбалжираас мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээллийг тодрууллаа.
-Өвөрхангай аймгийн хувьд өвөлжилт хэр болж өнгөрөв. Мал аж ахуйн салбар онд мэнд оров уу?
-Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт өвөлдөө харьцангүй дулаан, цас багатай байсан учраас өвөлжилт хэвийн, хорогдол багатай даван тууллаа. Нийт 16300 малчин өрхөөс 2400 гаруй өрхийн 1.3 сая толгой мал 15 аймгийн 65 суманд отроор өвөлжсөн. Өнөөдрийн байдлаар малын хорогдол 12.5 мянгад хүрсэн байна.
Өнгөрөгч 11 дүгээр сард холбогдох байгууллагуудтай хамтран аймгийн нийт нутагт өвөлжилтийн эрсдэлийн судалгааг хийхэд 16 сум эрсдэлийн түвшин өндөр, хоёр сум эрсдэлтэй, нэг сум бага эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг нэмэгдүүлэх болон бусад арга хэмжээг эртнээс зохион байгуулсны үр дүнд харьцангүй хэвийн өнгөрлөө.
Харин хаврын сар гарсаар нийт нутгаар, ялангуяа хангайн сумдаар цасны хэмжээ нэмэгдэж, тал газраа 20-30, гуу жалгандаа 40-60 см цастай, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сум, Есөнзүйл, Өлзийт, Сант сумын хойд хэсгээр нэлээн цастай байна. Говийн сумдаар бараан, ус муутай байгаагаас мал хорогдох, хээл хаях эрсдэл гарч эхэлж байна.
-Малын хорогдол аль суманд илүү байна вэ? Отроор явсан малчид хохирол багатай байж чадах нь уу?
-Отроор яваа малчид арай өвстэй, боломжтой газар руу явсан гэдгээрээ хорогдол гайгүй байгаа. Аймагтаа үлдсэн малчдад малын хорогдол түлхүү байна. Үүн дотроо Сант, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Хужирт, Хархорин суманд хорогдлын дийлэнх хувийг эзэлж байгаа. Мал өлдөж, тамирдсанаас шалтгаалаад ямаа хээл хаях, бага насны мал хорогдох эрсдэл гарч байна.
-Мал төллөж эхэлсэн үү. Отроор яваа малчид хэзээ наашлах бол?
-Аймгийн хэмжээнд 2.3 сая хээлтэгч мал байгаагаас малчид 1.8 сая малд хуц, ухна тавьсан байна. Одоогоор хоёр орчим хувь нь төллөөд байгаа. Отроор яваа малчдын хувьд тухайн нутагт нь өвс тэжээл хомсодсон, цас их хэмжээгээр орж хаваржилт хүндрэх төлөвтэй болсон, мал төллөж байгаа зэргээс шалтгаалж, отрынхныг хаваржуулах бололцоо муутай гэсэн албан бичиг ирж байна. Бидний зүгээс “Нэгэнт мал төллөөд эхэлсэн учраас ганц сар оторлуулж өгөөч” гэх хүсэлтийг сум, орон нутагт нь тавьж байгаа. Мөн өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, тухайн суманд нь эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний санхүүжилт олгох зэрэг арга хэмжээг авч, аль болох л зохицож, ойлголцож ажиллахыг хичээж байгаа.
-Отроор яваа малчдын зүгээс санал, гомдол ирж байна уу?
-Аймагт отрын штабын суурин утас ажилладаг. Малчид оторлож яваа сумаас нь мэдэгдэл өгсөн, хөөсөн, адуу малыг нь туусан гэх гомдол, мэдээлэл өгч байгаа. Мөн нутаг буцаж ирэх талаар заавар, зөвлөгөө авч байгаа. Өвөлжөө бууцаа хүлээлгэж өгөх, хорогдсон малаа устгаж цэвэрлэх зэргээр тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой.
-Улсын
нөөцөөс өвс, тэжээлийн тусламж үзүүлж байна. Манай аймагт өвс, тэжээлийн нөөц
хэр байгаа вэ?
-Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлээ дуусч байна. Хоёр, гурван сумаас бусад нь өвс, тэжээл, хивэгний нөөцөө дууссан. Аймгийн нөөцөд 190-ээд тонн өвс байгааг хаваржилт хүнд сумдад олгож эхэлсэн. Засгийн газраас 700 гаруй тонн өвсийг үнэгүй, 600 гаруй тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Аймаг өөрөө 50 гаруй тонн өвсийг нэмэлт худалдан авалт хийж, сумдад хуваарилан олгосон байгаа.
Мал төллөлт эхэлж, хивэгний эрэлт хэрэгцээ их байгаа учраас аймгаас 400-аад тонн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох хүсэлтийг Засгийн газарт тавиад байна. Яам, холбогдох гурил тэжээлийн үйлдвэртэй ярьж, бууруулсан үнээр хивэг татах ажлыг эхлүүлсэн.
Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий суманд эхний ээлжинд олгоно. Малчид өөрсдөө ч зах зээлд байгаа өвс тэжээл, хивэгний худалдан авалт хийж байгаа. Тал талын оролцоотойгоор хаврыг даван туулах арга хэмжээ авч байна.
-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм багагүй хугацаанд үргэлжилж байна. Гэсэн ч өвс, тэжээл ачсан тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа болохоор хомсдол үүсээгүй биз дээ?
-Ойрын өдрүүдэд тэнгэр хангай муудаж, салхи шуурга их байгаа учраас өвс, тэжээлийг таслахгүй байх зохицуулалтыг хийж байна. Өвс, тэжээл ачсан тээврийн хэрэгсэл орон нутгийнхаа зөвшөөрлийн бичгээр нэвтэрч байгаа.
-Саяхны өдрүүдэд ХХААГ-аас хөдөөгүүр ажилласан. Хаваржилтын нөхцөл байдал хэр байна вэ?
-Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хархорин, Хужирт суманд, миний бие ахлаад Тарагт, Уянга, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан суманд ажилласан. Говийн сумдаар манай Мал аж ахуйн албаны дарга ажиллалаа. Хаваржилтын нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, түүнд тохирсон арга хэмжээг авч байгаа. Одоо 3,4 дүгээр сард төл хүлээн авах том ажил эхлэх гэж байна. Дээр нь бэлчээр хамгаалах, оготно, мэрэгчтэй тэмцэх ажлыг 3 дугаар сарын 20-ноос зохион байгуулна. Үүнд аймгаас 100 сая, сум тус бүр 100 сая төгрөг гаргаж, яамнаас бактержуулсан будаа хуваарилна. Мөн нийтийг хамарсан ажлаас тодорхой зардал гаргаж, бэлтгэл ажлыг хийж байна.
-Өнгөрөгч намар үлийн цагаан оготнотой тэмцэх ажил багагүй хийсэн. Хэр үр дүнтэй болсон бэ?
-Энгийн механик арга буюу нүхэнд нь ус цутгах, конус тавих, хөеөг нь авах, яндангаар ус цутгах аргуудыг хэрэглэсэн. Энэ нь тухайн нутагтаа үр дүнтэй байсан боловч нийт тархалтын хэмжээ буураагүй. Манай аймгийн 5,6 сая га талбайн 40 гаруй хувьд оготно тархсан гэх судалгаа гарсан. Улсын хэмжээнд 40 гаруй сая га талбайд тархсан байгаа. Баталсан төсөв хөрөнгөнийхөө хэмжээнд жил бүр тодорхой ажлыг зохион байгуулдаг.
-Хорио цээртэй холбоотойгоор аварга малчдад шагнал гардуулах ажлыг хойшлуулсан шүү дээ.
-Тийм. Улс, аймгийн аварга малчдын шагналыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй уялдуулаад хойшлуулсан хэвээр байгаа. Одоогоор 3 дугаар сарын 30 хүртэл ямар нэг шагнал гардуулах үйл ажиллагаа явуулахгүй. Түүнээс хойш тухайн нөхцөл байдлаас хамаараад дараагийн асуудал яригдана.