Хот хоорондын замын хөдөлгөөнийг 20 цэгт хянаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-16 21:12:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 07.00 цагаас эхлэн нийслэл, аймаг, сумдын авто замын хөдөлгөөнийг нээлээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнийг хянах 20 цэгийг байгуулан 86 алба хаагч учирч болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлж байна. “Сар шинийн баяраар хорио цээрийн дэглэм сахиулсны дараа замын хөдөлгөөн нээхэд ачаалал багагүй байсан. Гэсэн ч бид үр дүнтэй ажиллаж, ямар нэг осол, зөрчил гараагүй. Энэ туршлагаараа өнөөдөр ажиллаж, хяналт шалгалтаа тавиад явж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Б.Бүрэнтөгс хэллээ.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар ажиллаж, 15 мянган ширхэг гарын авлага, материалыг мэдээлэл өгөх зорилгоор түгээжээ. Замын хөдөлгөөн нээгдсэнээс хойш өдрийн 13:00 цагийн байдлаар 6007 зорчигчтой 1538 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн байна.

相关新闻