Х.Зоя: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эзэнгүй хэвээрээ байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Чимээгүйхэн хөдөлмөрлөж, улс орноо хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, үндэсний соёл, уламжлалаа хадгалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй иргэд бидний дунд цөөнгүй. Тэдний төлөөлөл болох "Сан сымбат" оёдлын үйлдвэрийн эзэн иргэн Х.Зоятай цөөн хором ярилцлаа.
- Таны
хувьд оёдлын салбартай ажил амьдралаа холбоод хэдэн жил болж байна?
- Манай
аймагт Ахуйн үйлчилгээний комбинат гэж том байгууллага байсан. 1973 онд тухайн
үйлдвэрийн нэгэн цехэд оёдолчноор орж ажлын гараагаа эхлэв. Оёдлын салбарт
ажиллаад одоо 50 орчим жил болж байна. Тэр үеийн удирдлагууд миний ажлыг үнэлж,
нөгөө талаас намайг ахих, дэвших боломжтой гэж харсан алсын бодлогын үр дүнд би
оёдолчноос эсгүүрчин, чанар шалгагч, технологич, чанарын инженерээр дэвшин
ажиллаад, 1988 онд Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1991 онд Ахуйн
үйлчилгээний удирдах газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байлаа.
- Таныг
ажиллаж байсан үеийн ахуйн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны талаар
эргэн дурсахгүй юу?
- Тухайн
үеийн төр засаг ахуйн үйлчилгээний байгууллагад байр сав, тоног төхөөрөмжийн
хангамж гээд бүх талаас маш их анхаарал тавьдаг байсан. Манай аймгийн ахуйн
үйлчилгээний байгууллага хоёр ч том барилгатай, комбинаттай, аймгийн
төвдөө л гэхэд 400 гаруй ажилчинтай байлаа. Түүнээс гадна бүх суманд Ахуйн
үйлчилгээний төв байгуулсан, тэр үеийн бүх дэвшилтэт тоног төхөөрөмжөөр
хангагдсан байсан.
- Ахуйн
үйлчилгээний байгууллагууд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байв?
- Дээрээс
өгсөн төлөвлөгөөний дагуул л ажилладаг байсан. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн халаат,
эрэгтэйчүүдийн хөвөнтэй дээл, гэрийн бүрээс, саваг, хөшиг гээд голдуу малчдад
зориулсан бүтээгдэхүүнүүдийг ихээр хийдэг. Гэхдээ тогтсон стандартад баригддаг
болохоор шинэ бүтээгдэхүүн гаргах, шинэ юм сэтгэх боломж хомс байлаа.
- Зах
зээлийн нийгэмд шилжиж эхэлснээр ахуйн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа
хэрхэн өөрчлөгдөв?
- Шилжилтийн
үед орон даяар ахуйн үйлчилгээний байгууллагууд хувьчлагдсан. Өмнө
нь бидэнд улсаас татаас өгдөг байсан юм. Хүүхдийн хувцасны нийт
өртгийн 60-70 хувийг улс даадаг. Тухайн үед 14 төгрөгийн гутал гэж зарагддаг
байсныг ард иргэд сайн мэднэ. Гэхдээ үүний үйлдвэрийн бодит өртөг нь 87 төгрөг байсан. Зөрүүг нь улсаас өгнө. Мөн Цагааннуурын дамжлага
базаар дамжуулан түүхий эдээ ч хөнгөлөлттэй үнээр авдаг байв. Энэ
бүгд байхгүй болсноор үйлдвэр явуулах асуудал маш хүнд байдалд орсон. Байрныхаа
халаалт, цахилгаан зэрэг зардлуудаа ч төлөх боломжгүй болж, ажилчид маань энд
тэнд тараад явсан даа.
- Таны
хувьд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлж, хувиараа үйлдвэр байгуулан ажиллуулж
байгаа юм байна. Үйлдвэрээ анх яаж хөл дээр нь босгосон вэ?
- Би
1991 онд Цэргийн хувцасны үйлдвэрийг хувьчилж аваад хэдэн жил зүтгэж үзсэн.
Ажлын байрныхаа халаалтыг салган пийшин тавиулж, өөрсдөө галладаг
байлаа. Материал олддоггүй болохоор хөвөнгийн оронд малын ноосыг
ашиглаж дээл ч хийж байлаа. Гэхдээ гадаад, дотоодоос маш их хэмжээгээр бараа
ороод ирсэн болохоор өрсөлдөж чадаагүй. Зах зээлийн давалгаанд тэсэх
боломжгүй болсон тул оёдлын ажлаа 1998 онд түр завсарлуулсан юм. Харин 2009
оноос жижиг дунд үйлдвэр эрхлэх боломж ажиглагдаж, "Сан сымбат" оёдлын
цехийнхээ үйл ажиллагааг ганц оёдолчин, ганц машинаар эхлүүлж байлаа. Одоо ард
түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, бүтээгдэхүүнээ 100 хувь захиалгаар хийж байгаа.
- Хэдэн
хүнийг ажлаар хангаж байгаа вэ?
- Долоон ажилчинтайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн зах зээл маш хумигдмал байдаг. Ялангуяа Баян-Өлгий аймаг. Учир нь би казахын үндэсний хувцас хийгээд, үүнийг бусад аймагт борлуулна гэж байхгүй. Зах зээлийн багтаамжид зохицон ажиллаж байна.
- Одоо
ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
- Бид
голдуу казах үндэсний дээл, хантааз, орны аравч, ширдэг, бүтээлэг, бүх
төрлийн хүүхдийн хувцас хийдэг. Манай аймагт зунжингаа хурим болдог тул
залуучуудын хуримын хослолыг орчин үеийн хэв маягаар олноор хийж байна. Мөн
урлагийн хүмүүс захиалга их өгдөг. Олон жил ажиллаж олон нийтэд танигдсан
болохоор манай үйлдвэрт Улаанбаатар хот, Казахстан Улсаас ч хувцасны
захиалга ирдэг.
- Танай
бүтээгдэхүүний бусдаас ялгарах гол онцлог юу вэ?
- Бид
чанарын асуудалд маш их анхаардаг. Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн ард түмэн
юу хүсэж байна вэ гэдэгт судалгаа хийдэг. Киргиз, Хятадаас орж ирдэг
бүтээгдэхүүнүүдээс ялгаатай байхыг хичээдэг.
- Цаашид
үйлдвэрээ өргөжүүлэх боломж байна уу?
- Ер
нь хэцүү л дээ. Нэгдүгээрт, зах зээлийн багтаамж муу. Хоёрдугаарт, ард түмний
худалдан авах чадвар дорой. Бүтээгдэхүүнийхээ үнийг жаахан
нэмээд, ажилчдынхаа цалин, нийгмийн хангамжийг сайжруулъя гэхэд
худалдан авагчдад ачаалал үүрүүлчих гээд байдаг. Илүү үйлдвэрлэлт
хийх бололцоо хомс. Өрхийн үйлдвэрлэлийн хөгжил ч үүнд нөлөөлж байгаа.
- Тантай адил жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төр засаг, орон нутгаас ямар дэмжлэг хэрэгтэй
байна?
- Манай төр засаг жижиг дунд үйлдвэрийн тухай их ярьж байна. Гэхдээ үйлдвэр эрхлэгчид эзэнгүй хэвээрээ байна. Ний нуугүй хэлэхэд, сүүлийн хэдэн жилд манай үйлдвэрийг зорьж ирж танилцаж байгаа хүн ганц та л байна. Өөр үүдээо маань шагайж, үйлдвэрийн тухай асуусан хүн байхгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл гээд тараадаг. Гэхдээ үйлдвэрлэлийг дэмжих ажил зээл тараадгаар хязгаарлагдах ёсгүй. Бидэнд техник, технологийн мэдээлэл хэрэгтэй байна. Ядаж жилд нэг удаа бидний ажлыг дүгнэж баймаар юм. Тэгвэл энэний ажил ийм байна, бид ийм түвшинд явж байгаа юм байна гэж өөрсдийгөө бусадтай харьцуулж, бие биенээсээ суралцана шүү дээ. Түүнээс гадна, жижиг дунд үйлдвэрийг дэмжих газар байвал хэдэн ажилтныхаа материалыг аваачаад шагнуулж, урамшуулмаар байдаг. Тийм эзэн манайд байхгүй.
- Та
жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байсан уу?
- 2013
онд 20 сая төгрөг авсан. Үр өгөөжөө өгсөн, хэд хэдэн тоног
төхөөрөмжтэй болж байлаа. Түүнээс хойш дахин хамрагдаагүй. Зээл хөөцөлдөх
нэлээн төвөгтэй ажил. Тэр 20 сая төгрөгийг авахын тулд араас нь 6 сар явж
байв.
- Залуучууд
үйлдвэрт хэр тогтвор суурьшилтай ажиллаж байна?
- 2009
онд энэ ажлыг эхлүүлэхэд хуучин ахуйн үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан
настай хүмүүс л оёдолд ажилладаг байлаа. Ард түмний дунд ч залуучууд оёдол
хийхгүй гэсэн хандлага бий болсон байсан. Тэгээд би аймгийн МСҮТ-өөс хэдэн
хүүхэд аваад сургаж эхэлсэн. Одоо зарим нь 10 дахь жилдээ хамтран ажиллаж
байна. Ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллахгүй бол ажил, бүтээгдэхүүний чанар,
үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг. Миний хувьд ажилд хүн авсан бол түүнд байдаг
технологи, арга барилаа харамгүй зааж сургаж, удаан хугацаанд хамтран ажиллахыг
эрмэлздэг. Ажилчдынхаа ар гэрийн болон нийгмийн асуудлыг шийдэх, ахуй амьдралыг
дээшлүүлэхэд боломжоороо туслахыг хичээдэг. Залуучуудад ажлын таатай
орчин бүрдүүлбэл тогтвортой ажиллалгүй яахав.
- Сүүлийн
үед залуучууд бүгдээрээ их, дээд сургуульд сурж, оффист ажиллахыг
чухалчилдаг боллоо. Ер нь жижиг дунд үйлдвэр эрхэлж сайхан амьдрах боломж
манайд байна уу?
- Би ажилтнууддаа “оёдол бол тэтгэвэрт гардаггүй ажил шүү, аль нэг сонгуулийн дараа хусагдахгүй шүү” гэж байнга хэлдэг. Мэргэжлээ сайн эзэмшвэл ямар ч үед санаа зовохгүй ажиллана. Их, дээд сургуулийн диплом өвөртөлчихөөд энд тэнд хүний үүд шагайж явахгүйгээр, ажлын жоохон байр олчихоод оёдлоо хийгээд явах боломж бүрэн байна.
- Ярилцлага өгсөнд
баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.
- Баярлалаа.