Нөхөх олговрыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-13 19:33:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн дагуу Баянхонгор аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос ахмад настан Анийн Дашхүүд нөхөх олговрыг гардуулан өглөө.

Шинэжинст сумын дөрөвдүгээр багийн малчин, ахмад настан А.Дашхүүд 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн нөхөх олговрыг аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Отгонбаяр гардуулан өгсөн юм.

Дээрх хуульд заасны дагуу “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох"-оор тус тус олгож байгаа юм байна.

Хуулийн дагуу нөхөх олговрыг авахаар Баянхонгор аймгийн хэмжээнд 30 гаруй иргэн материал бүрдүүлж байгаагаас А.Дашхүү нөхөх олговроо гардаж авч буй ес дэх хүн болж буй. Нөхөх олговор авахаар хөөцөлдөж буй иргэдийн холбогдох материал нь бүрэн бүрдэж, “Зууны мэдээ” сонинд зарлуулан, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар нөхөх олговрыг гардах бөгөөд өндөр насны эрэмбээр олгож байгаа аж.

相关新闻