Ахуйн хүрээний архидалт гэмт хэрэг гарахад нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-12 10:53:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ сарын 6-ны өдрийн байдлаар хүний биеийн халдашгүй байдлын эсрэг 32 гэмт хэрэг  бүртгэгджээ. Энэ нь урьд оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.5 хувиар өссөн үзүүлэлт аж.  

Хүний биеийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсөхөд согтууруулах ундааны хэрэглээ гол нөлөө үзүүлж байгаа гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Тунгышбай хэллээ.

Түүний тайлбарласнаар, иргэд найз нөхөд, хамаатан садан, танилын хүрээнд төрсөн өдөр, баяр ёслолыг гэртээ тэмдэглэх, нэгнийхээ худалдан авсан зүйлийг мялаах зэргээр архи согтууруулах ундааны зүйлийг гэртээ, хүүхдийн дэргэд хэрэглэж, үл ялих, ахуйн шинжтэй маргаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болдог байна.   

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагатай хамтран  ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй орчин” арга хэмжээг энэ сарын 6-ны өдрөөс зохион байгуулж байгаа ажээ.  

Иймд ахуйн хүрээнд, мөн хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, бие биедээ хүндэтгэлтэй хандан уур уцаараа барих, аливаа хурим, найранд бага насны хүүхдийг дагуулж очихгүй байх, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлж байна. 

相关新闻