Чойбалсан хотод өдөрт 200-гаад тонн хог хаягдал гардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотод өдөрт 180-200 тн хог хаягдал гардаг. Үүний 60-70 хувь нь дахин ашиглах боломжтой хог хаягдал байгаа юм. Гэвч үүнээс үл хамааран бүх төрлийн хогийг хольж хаяж хэвшсэн учир орон нутгаас анх удаа Дорнод аймаг хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах туршлагыг нэвтрүүлээд байна.
Одоогоор
Хэрлэн сумын 2, 10 дугаар багийн 380 айл өрхийг ангилан ялгах хогийн савтай
болгож, гадна хогийн цэгийг ангилан ялгаж хаях боломжтойгоор шийдвэрлэжээ.
Алсдаа бүх баг, айл өрх, сумдад дээрх туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.
Ангилан ялгасан хогоо дахин боловсруулах чиглэлээр ч онцгой анхаарна гэдгээ тус
аймгийн удирдлага ярьж байна. Энэ ондоо багтаж аймгийн төвийн бүх айл өрхийг
ангилан ялгах хогийн саваар хангахаар төлөвлөж байгаа юм. Түүнчлэн үр хүүхдүүддээ
хогийг ялгаж хаяж хэвшихэд нь сургахыг эцэг эхчүүдэд уриалж, иргэд ч дээрх
шийдвэрийг тун нааштай хүлээн авч байна.