Монгол Улс Хөдөлмөрийн бодлогод тулгуурлан хөгжих ёстой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон улсын судлаачдын үзэж байгаагаар ойрын хугацаанд уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй тул өрхийн бизнесийг дэмжиж, улс орноо хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Аливаа орны эдийн засгийг сэргээх, өсөлтийг хангах чухал суурь нь хөдөлмөр эрхлэлт байдаг. Монгол Улсад нийт 546 мянган иргэн ажил эрхэлж байгаа тухай судалгааг Хөдөлмөрийн яам гаргасан байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт 313 мянган иргэн буюу 29.4 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч 19.7 хувь буюу 210 мянга, өрхийн үйлдвэрлэлд 22.8 мянган иргэн ажиллаж байгаа аж. Олон улсын эдийн засаг судлаачид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэсэн судалгаа гаргасан тул Засгийн газраас өрхийн бизнесийг дэмжих чиглэлээр 100 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Г.Баярсайхан сайд хэллээ.
Тэрбээр, “Бид иргэдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч байна. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй, боловсролтой, ур чадвартай залуус бэлтгэн оруулахад нь чухал байна. Үүний тулд Япон улс руу МСҮТ төгссөн залуусыг илгээж, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах болно. Ингэснээр мэргэжилгүй хүнийг ажилд авч бага цалин олгох зэрэг ажиллагаа зогсож, хөдөлмөрийн зах зээл эрүүлжих юм” хэмээв.
Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн гурван талт үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж, 240 мянган төгрөг болгожээ. Эдийн засгийн тулгуур болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх суурь бол цалин, хөлсний асуудал юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд “Малчны хөдөлмөр эрхлэлт”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлт” зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнг хувь хүн цалин хөлсний хэмжээ, амьдралаа хэрхэн дээшлүүлж чадсан бэ гэдгээр хардаг. Дээрх хөтөлбөрүүд нь төдийлөн үр дүнгээ өгч чадаагүй тул иргэдийн амжиргаа нэмэгдээгүй юм. Энэ байдлаараа хэдэн арван олон хөтөлбөр боловсруулсан ч Монгол хүн үр өгөөжийг нь хүртэж чадахгүй бол тэр хэнд ч хэрэггүй болж хаягдана. Тиймээс МҮЭХ цалин, хөлсийг нэмэгдүүлэхийн тулд идэвхитэй ажиллана гэдгийг холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон МҮЭХ хамтран Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг шинэчилж байгаа бөгөөд энэ оны зургадугаар сард Засгийн газраар батлуулахаар төлөвлөсөн байна. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад Хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо тулгуурлан боловсролын салбараа хөгжүүлдэг аж. Тухайлбал, Японы “Тоёото” компани 2020 оноос 7 дугаар үеийн компютерийн үйлдлийн систем үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсын бүх МСҮТ, боловсролын байгууллагууд энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Гэтэл Монгол Улсын БСШУЯ хүүхдүүдэд зөвхөн тоо, физик зааж байгаа нь Хөдөлмөрийн бодлогод тулгуурлан хөгжих боломжийг хязгаарлаж байгаа юм. Монгол Улсад Тавантолгой, Оюутолгой болон усан цахилгаан станцийн бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлууд тун удахгүй эхэлнэ. Оюутолгойн бүтээн байгуулалтад л гэхэд ойролцоогоор 500 гагнуурчин, арматур угсардаг ажилтан 1800 шаардлагатай. Гэвч энэ хэмжээний боловсон хүчин Монгол улсад байхгүй. Тиймээс ирээдүйн хөгжлийг тодорхойлсон Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах шаардлагатай гэдгийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар илтгэлдээ дурьдав.
Монгол Улс 15 болон түүнээс дээш насны хүнийг хөдөлмөр эрхлэх насны гэж үздэг. Өнөөдөр улсын хэмжээнд 1.9 сая хүн энэхүү болзлыг хангаж байгаа юм. Үүнээс эдийн засгийн идэвхтэй буюу ажил эрхэлж байгаа болон ажил хийх боломжтой ч ажилгүй байгаа иргэн 60.5 хувийг эзэлж байна. Харин 39.5 хувь нь эдийн засгийн идэвхигүй буюу сурагч, оюутан, ахмад настан.
Монгол Улс хөдөлмөрийн хязгаарлагдмал зах зээлтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсад 67.4 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 83.4 хувь нь 1-9 ажилтантай байна. Энэ нь ажиллах хүчээ шингээж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын иргэн дунджаар нэг байгууллагад 5.6 жил ажиллаж байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин бага үзүүлэлт юм.
Ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалт алдагдсанаас 2015 онд их дээд сургууль төгсөгчдийн 60 хувь, МСҮТ төгсөгчдийн 30 хувь нь ажилгүй байгаа юм. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ийн 18 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг ч цалингийн хэмжээ улсын дунджаас 25 хувь доогуур байгаа юм. Гэтэл уул уурхайн салбарт ажиллагсад дунджаас 2.5 дахин их цалин авч байгаа аж.
2015 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-аас 28.5 тэрбум төгрөг зарцуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр нийт 82.5 мянган ажлын байр шинээр бий болгожээ. Гэвч үүний 80 хувийг түр ажлын байр эзэлж байгаа тул иргэдийн амьжиргаанд төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа юм. Тиймээс дээрх бүх асуудлыг тусгасан, олон талт Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогсод онцлов.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр