Хятадад шинэ жилийн баярын амралтын үеэр зорчигчдын урсгал буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-31 15:09:58

БЭЭЖИН. /RIA Novosti/. Энэ жил коронавирусний улмаас Хятадын тээврийн системийн хамгийн их ачаалалтай үед тооцогддог шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр хийдэг аяллын улирлын /"чуньюнь"/ үеэр бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдын урсгал буурсан гэж БНХАУ-ын Тээврийн яамны мэдээлэлд дурджээ.


Нэгдүгээр сарын 10-наас 30-ны хооронд төмөр зам, автомашин, агаар болон усан замаар 1.24 тэрбум хүн зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад  16.5 хувиар буурсан үзүүлэлт ажээ.


Дээр дурдсан хугацаанд Хятадын 186 сая иргэн төмөр замаар зорчсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 1.009 сая хүн автомашинаар /18.1 хувиар бага/, усан тээврийн хэрэгслээр 15.4 сая /30.7 хувиар буурсан/, агаарын тээврээр 33.4 сая хүн /11.1 хувиар буурсан/ зорчсон байна.


Хятадад шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд жил бүр дотооддоо төдийгүй хилийн чандад хамгийн олон хүний шилжилт хөдөлгөөн болдог. Энэ үеэр олон сая хүн шинэ жилийн баяраа гэр бүлтэйгээ угтахаар төрөлх хотоо зорьдог байна. Хятадад шинэ жилийн баярын аяллын улирлыг 1980-аад оноос эхлэн "чуньюнь" гэж тусгайлан нэрлэдэг болжээ. Энэ үе 40 хоног үргэлжилдэг бөгөөд дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөнд тооцогддог билээ. Энэ жилийн "чуньюнь" нэгдүгээр сарын 10-нд эхэлжээ.


 


相关新闻