Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нөхөн олговор олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-30 22:49:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн П.Ёндонд 80 сая төгрөг, Г. Мягмарт 80 сая төгрөгийн батламжийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Л.Төмөрбаатар гардуулан өглөө. Энэ үеэр П.Ёндон “Миний аав бол ажилч хөдөлмөрч олон түмэндээ хүндлэгдсэн их уран үсэг бичиг сайтай багш хүн  хүн байсан. Би аавыгаа баригдаад явахад 5 настай байлаа. Хааш нь авч явсныг мэдээгүй. Нэг өдөр ээж маань аймгийн төв ороод ирснээс хойш маш их уйлж билээ. Ээжээсээ аав яасан гэж асуухад баригдаад явсан гэж хэлсэн. Түүнээс хойш би аавыгаа үргэлж санан, дурсан явсаар өнөөдөр 80 гаруй жил сэтгэлдээ хайрлаж мөрөөдөж ирлээ. Аав минь  хүнд их тустай сайн хүн байсан гэдгийг нутгийн буурлууд хэлдэг байлаа. Өнөөдөр аавыг минь хэлмэгдсэнд цагаатган нөхөн олговор олгож буйд маш их баярлаж байна. Яг энэ мөчид аавтайгаа уулзсан юм шиг сайхан санагдаж байна. Төр засгийн удирдлагууддаа баярлалаа” гэдгийг хэлж байлаа.


Тус аймагт өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гараад нөхөн олговор авах нь тогтоогдсон 25 хүн,  шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдээд байгаа 5 хүн байгаа гэнэ. Дээрх иргэдэд нийт 2 тэрбум орчим төгрөгийн нөхөн олговор олгогдох гэнэ. 2019 онд хуулийн дагуу 2 хүнд 40 сая, 1 хүнд 80 сая төгрөг нийт 160 сая төгрөг олгожээ.

Хуульд Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн хүмүүст 40,0 сая төгрөг тус тус олгохоор тусгасан байдаг гэдгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга  Ц. Гончиг хэлж байлаа.

 

相关新闻