Оросын жуулчдад нутаг буцахад нь тусална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЛАГОВЕЩЕНСК. /TASS/. Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдээд байгаа БНХАУ-тай залгаа хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг гуравдугаар сарын 1 хүртэл хаасан хэдий ч тус улсаас нутаг буцах хүсэлтэй ОХУ-ын жуулчдад Амар мужийн эрх баригчид тусална гэж мужийн захирагч Василий Орлов “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“ОХУ-ын Засгийн газар өчигдөр орой Алс Дорнодын таван бүс нутагт Хятадтай залгаа хилээ гуравдугаар сарын 1 хүртэл хаах шийдвэрийг гаргалаа. БНХАУ-д үлдсэн хүмүүсийг заавал буцааж авчирна. Одоо бид Оросын иргэдийг буцаах журмын талаарх тодруулгыг хүлээж байна” гэж Орлов бичсэн байна.
Благовещенск-Хэйхэ боомтоор нэвтрэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг цуглуулах ажлыг бүс нутгийн Эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яам үргэлжлүүлэн хийж байгааг тэрбээр тэмдэглэжээ. Приморийн хязгаарын Уссурийн гаалийн удирдах газраас ТАСС агентлагт мэдээлснээр, шалган нэвтрүүлэх цэгийг хаасан байгаа хэдий ч гаалийн ажилтнууд ажлын байран дээр байгаа бөгөөд Хятадаас буцаж ирсэн Оросын иргэдийг хүлээн авахад бэлэн байгаа аж.
ОХУ-д шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих шуурхай штаб лхагва гаргийн орой хуралдаж, Хятадтай хил залгаа оршдог Амар муж, Еврейн өөртөө засах муж, Хабаровскийн хязгаар, Приморийн хязгаар болон Өвөр Байгалын хязгаарын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах хугацааг сунгах шийдвэр гаргажээ.