Ажил олгогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-22 15:18:18

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Сүхбаатар дүүргийн ажил олгогчдын III чуулган” өнөөдөр болов.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ онд нийт 7 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Ахмадад зөвлөгөө өгөх үйлчилгээ, 35-аас дээш насны хүмүүсийг өөртөө ажлын байр бий болгоход нь туслах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох зэргийг нэрлэж болох юм. Эдгээр хөтөлбөр бүгд Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 1000 орчим ажлын байрны захиалга ирсэн гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан чуулганы нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Иргэдийн хөдөлмөр эрхлэлт Монгол Улсын хөгжилд ихээхэн нөлөөтэй. Бид эх орныхоо ирээдүй болсон залуучуудыг дэмжих зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, дээр дурьдсан 7 хөтөлбөрийн хүрээнд МСҮТ төгссөн залуус нэгдэж, хоршоо байгуулан жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл боловсруулсан тохиолдолд түүнийг нь судлан үзээд, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Одоогоор Төрийн банк болон Капитал банкаар дамжуулан хоёр жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Өнөөдрийн чуулганаар Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн алдаа, оноог дэнсэлж, ажил олгогчдынхоо санал, хүсэлтийг цаашдын бодлогод тусгах зорилт тавих болно” хэмээв.

Сүхбаатар дүүргийн Ажил олгогч эздийн холбоо 2015 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ гурав дахь чуулганаа зохион байгуулж буй юм. Анхдугаар чуулганаар байгууллагын зорилго, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан бол хоёр дахь нь ирээдүйн баялаг бүтээгч буй ахлах сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн дуу хоолойг сонсоход чиглэсэн байна. Энэ удаад ажил олгогчдын саналыг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдгийг дүүргийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Энхтуяа хэллээ.

Тэрбээр, “Иргэн ажилдаа амжилт гаргахад ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал чухал тул манай байгууллага аж ахуйн нэгжүүдэд энэ чиглэлийн сургалтыг түлхүү явуулдаг. Саяхан дүүргийн ЗДТГ болон ҮЭХ-той хамтран ажиллаха Санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд ажил олгогчдын дуу хоолойг нийтэд хүргэх, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчилах чиглэлд анхаарах болно. Сүхбаатар дүүрэгт 18 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн чуулганд нийт 700 байгууллага оролцож байна.

Сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн орчин харьцангуй тогтвортой болж, ажил олгогч үйл ажиллагаа явуулахад таатай боломж бүрдэж байгаа хэдий ч эдийн засгийн хүндрэлээс үүдэн жижиг дунд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж буй байрны түрээсээ төлж чадахгүйд хүрээд байна” хэмээв.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ажил олгогчдоо дэмжих зорилт тавин ажиллаж байгаа аж. Ажил олгогчдыг дэмжсэнээр жилд дунджаар 3000 мянга орчим ажлын байр бий болгодог байна. Ингэснээр ажил олгогчоо дэмжээд зогсохгүй иргэдийн орлоготой байх боломжийг бүрдүүлж байгааг дүүргийн Засаг даргын Л.Нармандах хэллээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻