Энэ хавар нийтдээ 11000 га-д тариалахаар төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Баян-Адарга сумын “Энсада истерн” ХХК нь энэ хавар нийтдээ 11000 га-д тариалахаар төлөвлөжээ.
Тус компаний үйлдвэр нь өнгөрсөн оны 10-р сард Гурил тэжээлийн үйлдвэрийнхээ шавыг тавьсан барилгын суурийн газар шорооны ажлаа дуусч байгаа талаар тус компаний менежер Ц.Батнаран тариаланчдын тариаланчдын зөвлөгөөний үеэр мэдээллээ. Туркийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа энэ үйлдвэр жилд 28000 тонн улаан буудай тээрэмдэж гурил, тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, аймагт нийтдээ зуугаад хүний шинэ ажлын байр бий болох боломжтой юм байна. Үйлдвэрийн гол түүхий эд буюу шаардагдах нийт буудайн 40%-ийг тус компани өөрөө тарьж ургуулж бэлтгэхээс гадна үлдэх буудайг бусад компаниудаас авна гэж байгаа нь намар хурааж авсан буудайгаа борлуулах гэж сандардаг тариаланчдад аятай боломж олгоно. Энсада компани газар тариалангийн техник технологид шинэчлэлийг авчирч Хэнтий нутагт үйл ажиллагаагаа эхэлсэн богино хугацаанд тариалангийн гол бүс Хурхад 5000, Өлзийтөд 8000 га талбай эзэмшиж байна.
Ийнхүү хөрс хамгаалахад зориулагдсан орчин үеийн өндөр хүчин чадалтай техникүүдтэй. Мөн газар тариаланд шинжлэх ухааныг баримталж ажиллах мэргэжлийн 7 агрономчтой гэдгээрээ ялгардаг. Өнгөрсөн жил хөрс хамгаалах 0 технологийг барьж, үрлэгээний үед газраа бордож тариалснаараа га-гаас авах ургацын хэмжээг дээшлүүлж будааны үнийг өсгөхгүй байх боломжтойг зарим талбайгаас авсан ургацаараа нотолж чадсан. Энэ жил аймгийн Ус цаг уурын байгууллагаас өнгөрсөн 35 жилийн хугацааны цаг агаарын төлвийг авч цаг агаарын давтамж энэ жил ямар байхыг судалсны үндсэн дээр тариалалтаа хийхээр төлөвлөжээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг