Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүчирхийллийн
хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” (НЦҮТ)-ийг
Өвөрхангай аймагт нээлээ. Тус төвийн барилгыг орон нутгийн төсвийн 80 сая
төгрөгийн санхүүжилтээр барьж, Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” (ЖСХТ) төслийн хүрээнд 100 гаруй
сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмжийг суурилуулаад байна.
“Хэдийгээр ая тухтай,
стандартын шаардлагад нийцсэн байр ашиглалтад орж байгаа ч энэ байраар
үйлчлүүлэгчдийн тоог багасгах нь цаашдын зорилт” гэдгийг аймгийн Засаг даргын
орлогч О.Батжаргал хэллээ. “Үүний тулд хүчирхийллийн хор уршиг, сөрөг нөлөөг
иргэдэд сайтар ярьж ойлгуулах, хүчирхийлэлд байнга өртөгсдийн судалгааг гаргах,
шалтгаан нөхцөлийг тогтоох нь чухал” гэдгийг тэрээр хэлсэн юм.
НҮБ-ын Хүн амын
сангийн тэргүүн Каори Ишикава нээлтийн үйл ажиллагаанд оролцон хэлэхдээ “Гэр
бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн асуудлыг шат дараатай шийдвэрлэх тогтолцоо
чухал. Гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч жендерийн тэгш
бус байдал нь хүчирхийллийн гол суурь шалтгаан байдаг. Энэ асуудлыг
шийдвэрлэхэд урт хугацаа шаардагдах хэдий ч бид төсөл хэрэгжсэн өнгөрсөн 4
жилийн хугацаанд хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст хүрч ажиллах механизмыг бий
болгож чадлаа” гэв.
Нэг цэгийн
үйлчилгээний төв нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд
өртөгсдийг хүчирхийллийн орчноос зугтаж, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх
боломжтой болох хүртэл хорогдох байр, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүй,
хууль зүйн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээ авах боломжоор хангах юм.
Энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв нь
Монгол улсад ЖСХТэмцэх төслийн
хүрээнд байгуулагдсан 9 дэх төв болж байна.