Мал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт он гарсаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол 15 бүртгэгдсэнээс 10 нь мал хулгайлах гэмт хэрэг байна.
Хужирт сумын 3 дугаар багийн иргэн “Д”-ийн сартай хүрэн гүү, мөн 3 дугаар багийн иргэн “А”-ийн хээр байдсыг зургаан хүн бүлэглэн үйлдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Гэмт этгээдүүд малчдын эзэнгүй байр, саравч, бэлчээрт малыг нядалж, толгой шийр, гэдсийг газарт булан махыг тээвэрлэх байдлаар хэрэг үйлдэж байгаа аж. Иргэд, малчдад хандан малаа өдөр, шөнийн цагт байнга хариулга, маллагаатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар төлбөртэй мэдээлэл авах тул мэдээллийг 7032102, 88070490 дугаарын утсаар өгч болох юм.