Иргэдийг торгохоосоо өмнө хууль журмыг сайтар хэлж сануулдаг байхыг хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-21 22:16:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар 2019 оны үйл ажиллагааныхаа тайланг иргэдэд нээлттэй тавилаа. Тус газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж нар гэмт хэрэг, зөрчил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлж, иргэдийн асуултад хариулсан юм.

Өвөрхангай аймагт өнгөрсөн жил 613 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 57 хэргээр буюу 8,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс яллагдагчаар татсан 280, шүүхэд шилжүүлсэн 126, харьяаллаар шилжүүлсэн 21, хэрэгсэхгүй болгосон 202 хэрэг байна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулах болон хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг, авто тээврийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус тус буурчээ.

Өнгөрсөн онд Цагдаагийн газар бүтэц, зохион байгуулалтын нэлээн өөрчлөлтийг хийжээ. Тухайлбал, Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийг бие даасан хэлбэртэй болгож, долоон сумыг харьяалуулсан  бол Уянга, Богд суманд Сум дундын цагдаагийн тасгийг байгуулж, ойролцоох сумдыг харьяанд нь шилжүүлсэн байна.

Аймгийн зүгээс цагдаагийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч, албаны шинэ барилгатай болгосон, сумдын хэсгийн төлөөлөгчдийг унаа машин, багаж зэвсгээр хангасан. Суурин газруудыг камержуулсан. Үүний үр дүн гарч, гэмт хэргийн гаралт буурсан гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байлаа. Иргэдийн зүгээс улсын дугааргүй автомашинууд таксинд явж байгааг, иргэд олон нийтийн газар тамхи ихээр татаж байгааг, дэлгүүрүүд шөнийн цагаар архи, согтууруулах ундаа зардгийг хэлж байв.

Мөн залуу үеийнхэнтэй тулж сайн ажиллах, архидалтын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийг торгохоосоо өмнө хууль журмыг сайтар хэлж сануулдаг байхыг хүсчээ.

相关新闻