Гол мөрний мөс олон жилийн дунджаас илүү зузаан хөлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн судалгаагаар энэ өвөл гол мөрний мөс
олон жилийн дунджаас 1-36 см илүү зузаан хөлдсөн гэж тогтоогджээ. Энэ нь тус
төвийн судалгаа хийдэг харуулын орчмын мөсний хэмжээ юм байна.
- Өвлийн идэр гурван есийн хүйтний үеэр ихэнх гол, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч мөсний зузаан харилцан адилгүй хүн, мал, машин техник аюулгүй зорчих хэмжээнд хүрээгүй тул зөвшөөрөгдсөн гарам, нутгийн иргэдээс лавлахгүйгээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна гэж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн мэргэжилтэн Г.Содхүү мэдээллээ.
Сэлэнгэ мөрний мөс Хутаг-Өндөр сум, Хялганат
тосгон, Орхон голын мөс Орхон, Сайхан сум, Ачуут голынх Булган сумын орчмоор
олон жилийн дундажтай бараг адил 38-77, Зүүн түрүүний гол Булган сумын төв
хавьд хорь хүрэхгүй см зузаан мөстэй байна. Харин Эг, Эрэн гол, Харгал нуурын
мөс олон жилийн дунджаас 23-36 см зузаан хөлдсөн мэдээ байна. Эдгээр гол,
нуурын мөс олон жилийн дунджаар 27-64 см зузаан хөлддөг аж.