Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гэрээр хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед гэрийн эргэлтийг сайжруулж, зорилтот бүлгийн өрхүүдэд хүрч үйлчлэх үүрэг, даалгаврыг өрхийн эмнэлгүүдэд өгөөд байна.
Арвайхээр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд зорилтот бүлгийн хүмүүст эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гэрээр хүргэж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгч байгаа юм. Одоогоор бага насны хүүхэд, жирэмсэн болон төрсөн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг 520 гаруй хүнийг эмчийн үзлэгт хамруулжээ.
Арвайхээр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2017 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгийн 14 нэр төрлийн 78 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан бол 2019 онд солюкс, инфра, парапин хайлуулагч, нярайн шарлалт хэмжигч, үзлэгийн ор зэрэг шаардлагатай төхөөрөмжүүдээр хангаж, багаж, хэрэгслийн хангалт 92 хувьтай болж өссөн байна.