Монгол, Сибирийн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын нийслэл Улаанбаатар, ОХУ-ын Новосибирск хот хамтран энэ сарын 19-20-нд хамтын ажиллагааны нээлттэй өдрүүдийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэ хүрээнд “Монгол, Новосибирск: Шинжлэх ухааны хамтын ажиллагаа” сэдэвт форумыг зохион байгуулж, 2 талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал солилцов.
Тус форумыг нээж Монгол Улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Манай хоёр ард түмний хувьд орчин үеийн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа XIX зууны 20-иод оноос эхтэй. Монголд орчин үеийн шинжлэх ухааны салбарууд бий болж, хөгжихөд Оросын ард түмэн, ОХУ-ын ШУА-ийн гүйцэтгэсэн үүргийг монголчууд хэзээ ч мартах учиргүй юм. Энэ сайхан хөрсөн дээр ОХУ-ын ШУА, түүний Сибирийн салбар, Монгол Улсын ШУА-ийн хамтын ажиллагаа үүсэн бий болоод өрнөн хөгжсөөр байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр Академийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарсан. Учир нь эрдэмтэд хамтарсан судалгааг дан ганц эрдэм шинжилгээний байгуулагуудын зардлаар хийдэг байсан бол 2003 оноос Оросын хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан, Оросын суурь судалгааны сангийн дэмжлэгийг авдаг болсонтой холбоотой. Мөн Монгол Улсын ШУА-иас грант олгодог болсон нь түлхэц болсон юм. Хамтарсан төсөл хэрэгжүүлснээр хоёр орны судлаачид харилцан суралцаж, туршлага солилцохоос гадна залуу халааг бэлтгэхэд ихээхэн дэмжлэг болж байна” гэв.
Түүнчлэн Монгол Улсын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр нь ахисан түвшний залуу судлаачдыг бэлтгэхэд чиглэж ирсэн бөгөөд энэ салбарт олсон амжилтаа бататган, цаашид ч хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Ж.Болор