Аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын
байцаагчид Шинэ жилийн баярын өдрүүдэд аймгийн төвийн 12 багт үйл ажиллагаа
явуулдаг 72 хүнсний дэлгүүр, 17 нийтийн хоолны газар, 12 бялууны цех болон “Тирлик”
захад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллажээ.
Шалгалтаар чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 2,4 сая төгрөгийн үнэ
бүхий 20 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, Зөрчлийн тухай хуулийн
дагуу холбогдох этгээдүүдэд 700 мянган төгрөгийн шийтгэл оногдуулжээ. Мөн шошгоны
зөрчилтэй 1,4 сая төгрөгийн үнэтэй 10 хайрцаг үзмийг буцаан татуулж, Улаанбаатар
хотоос тээвэрлэсэн, хэрэглэх хугацаа дууссан 20 гаруй бялууг газар дээр нь
устгажээ.
Шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнсний аюулгүй
байдлыг хангуулах чиглэлээр зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж ажилласан бөгөөд баярын
өдрүүдэд хоол хүнсний гаралтай халдвар, хордлого бүртгэгдээгүй байна.