Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 42 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт гэмт хэргийн гаралт 2018 оноос 9,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй "Аюулгүй иргэн амар тайван Өвөрхангай", "Архидалтгүй Өвөрхангай" зэрэг хөтөлбөрүүд, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, аяны үр дүнд гэмт хэргийн гаралтыг бууруулж чадсан хэмээн үзэж байгаа юм.
Тухайлбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 26.4 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 26.7 хувиар, Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 47.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 42 хувиар, гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэрэг 11.3 хувиар, залилах гэмт хэрэг 3.5 хувиар тус тус буурчээ.
Аймгийн Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, "Харилцан хүндэлье - Хамтдаа хөгжье" сургалт, "Ойлгоё-Хүндэлье" нөлөөллийн арга хэмжээ болон бусад уралдаан, аян, сургалтуудыг явуулсны үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 42 хувиар буурсныг онцлон мэдээллээ.