Эрүүл мэндийн газрын дарга мэндчилгээ дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өндөр их Алтай нутгийн ард түмэн, Эрүүл мэндийн салбарын алба хаагчиддаа айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.
Эрүүл мэндийн салбарын хамгийн чухал зүйл болох хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр энэ онд БНХАУ, ОХУ, Солонгос, Филиппин, Япон зэрэг улсад 16 эмнэлгийн мэргэжилтэн богино хугацааны сургалтад, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А121 дугаар тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилд үндсэн мэргэжил 12, төрөлжсөн мэргэжлийн сургалт 5 эмч, тусгай мэргэжилтэн 17, мэргэжил дээшлүүлэхээр 3 тусгай мэргэжилтэн нийт 37 эмнэлгийн мэргэжилтэнг төрийн сангаар суралцууллаа.
2019 оны эхний 11 сарын байдлаар нийт үзлэгт 237183 хүн буюу нэг иргэн жилд 4,1 удаа үзүүлсэн байна. Эмнэлэгт 12307 хүн буюу 5 хүн тутмын нэг нь хэвтэн эмчлүүллээ. 1165 эхийг эсэн мэнд амаржуулж, 1269 хүүхдийг эх барьж авлаа. Хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт өнгөрсөн оны түвшинд халдварт өвчнийг 16,3 промиллиор бууруулаад байна.
Эрүүл мэндийн 26 байгууллагын 28 төрийн өмчийн барилгын 8 буюу 28,5 хувийг шинээр барилаа. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт 10 автомашин нийлүүлснээр сүүлийн гурван жилд 35 буюу 72,9 хувьд парк шинэчлэлт хийж, 1 сумын 4 багийн эмчийг унаажуулж, 73 багаас 70-ийг шинэчлэн хангалтыг 95,8 хувьд хүргээд байна.
Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлсэн ба дунд чөмөгний хугарал хадах, булуу дайрсан хугарлыг DHS хадаасаар хадах, тархины эд дэх цусан бүлэн авах, шууны мэдрэл дарагдах болон цус харвалтын дараах тархи дарагдлыг чөлөөлөх хагалгаа, түнхний болон өвдөгний үе солих хагалгааг амжилттай хийлээ.
Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, 2020 ондоо эрүүл энх, ажил хөдөлмөрийн арвин их амжилттай байж юу санасан есөн цагаан хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзий билэгтэй ерөөл дэвшүүлье.