Хүүхдүүдийн хүсэлтээр мөсөн талбай байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-24 17:08:12

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн удирдлагууд хүүхдүүдийнхээ хүсэлтээр мөсөн хотхоныг нээж өгчээ. Тодруулбал тус аймаг сар бүрийн нэгний өдөр хүүхдүүдээ хүлээн авч санал хүсэлтийг нь сонсдог болоод гурван сар болж байгаа аж.

Тэгвэл 12 дугаар сарын нэгний өдрийн хүүхдээ сонсох үйл ажиллагаанд оролцсон 400 гаруй хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх мөсөн хотхоныг байгуулж өгөхийг шийдвэр гаргагчдаас хүсжээ. Тиймээс идэр ес эхэлсэн өдөр аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд Улиастайн хүүхэд залуучуудад зориулсан мөсөн хотхоныг нээжээ. Мөсөн талбайг Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас хамтран тохижуулжээ. Мөсөн талбайн нээлтэд 130 гаруй хүүхэд, иргэд оролцжээ.

Манай аймаг өвлийн спортоор улс аймагтаа амжилт гаргаж ирсэн түүхтэй. Дээхэн үед хүүхдүүд голын мөсөн дээр, ууланд цана тэшүүрийн спортоор хичээллэж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан. Тэгвэл одоогийн хүүхэд залуучууд телевиз, утсанд их цаг заваа зарцуулдаг болжээ. Хүүхдүүд зөв санал гаргаж, шийдвэр гаргагчид маань хүүхдүүдийнхээ хүсэлтийг биелүүлж өнөөдөр ийм сайхан мөсөн талбайтай болж байгаа нь сайхан байна.

Зөвхөн хүүхэд залуучууд гэлтгүй бүх насныхны эрүүл мэнд, хөдөлгөөнд ач тустай, эрүүл агаарт биеэ чийрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн бүтээн байгуулалт болжээ. Хүмүүсийн бага насны дурсамжийг ч сэргээлээ. Одоо зөвхөн тэшүүрээ бэлдэх нь л үлдэж. Улиастайчууд гэр бүлээрээ амралтын өдрийг ая тухтай өнгөрөөх бас нэгэн газартай боллоо хэмээн иргэд ам сайтай байв. Мөсөн талбайн нээлтийн үеэр мөсний аваргууд тэшүүрийн тэмцээн, мөсөн урлан шалгаруулах уралдаан, бөмбөгтэй хоккейн тэмцээнүүдийг бүх насныхны дунд зохион байгуулжээ.

Мөсөн талбай өдөр бүр нээлттэй ажиллах юм байна. Гадаа хүйтэн байсан ч гэлээ мөсөн хотхоны анхны гулгагчид хогоо ангилан ялгах дадал зуршлыг сурч авчээ.

Учир нь Ногоон гарц төрийн бус байгууллага нээлтийн үеэр хогоо ангилан ялгах хогийн савыг байршуулж мөсөн хотхоныг хариуцан ажиллах ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Энэ үеэрээ иргэд, хүүхэд багачуудад хогоо хэрхэн ангилан ялгах тухай зааж өгсөн байна.

"Хүүхдээ сонсох аян” үр дүнгээ өгч байна

Завхан аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан билээ.

Завханы албан байгууллага бүр “Хүүхдээ сонсох өдөр”-ийг хичээлийн жилийн хугацаанд зохион байгуулах бөгөөд хүүхдийн үзэл бодол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүндэтгэн хүлээн авч, харилцан ярилцаж хамтдаа шийдвэрлэж эхэлжээ. Тухайлбал, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв сар бүрийн 1-ний өдрийн 15-17 цагт хүүхдийн санал хүсэлтийг сонсож байгаа аж.

Тухайн сарын эхний өдөр амралтын өдөр тохиовол дараа долоо хоногийн даваа гаригт шилжүүлэн ажиллаж байна. “Хүүхдээ сонсох өдөр”-ийн эхний уулзалтыг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Батсайхан Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн суралцагчдын төлөөлөлтэй хийж, санал хүсэлтийг нь сонссон аж.

Түүнээс хойш нийт дөрвөн удаа 1700 гаруй хүүхдийн үгийг сонсож санал хүсэлт, шүүмжлэлийг нь хүлээн авчээ. Хүүхдээ сонсох аяны үр дүнгээ өгч байгаа нь дээрх мөсөн талбайг хүүхдүүдийн санал хүсэлтээр байгуулснаас харагдаж байна хэмээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвөөс нэмж дуулгав. 

相关新闻